Эзнээ голын торгууд

Эзнээ голд суусан нэг хошууны ноёдын дээд яс нь Ижил мөрний Торгуудын Аюуш ханы ач Равжир юм. 1698 онд Равжир эх дүүгийн хамт   500 хүнтэй Түвэдэд мөргөл хийгээд 1704 онд Бээжингээр дайрч буцах гэхэд Энх-Амгалан хаан түүнийг Бээжинд албадан үлдээж, хэдэн жил суулгасны дараа Сэртэй хэмээх газар нутаглуулан суулгаж, харъяат ардаар нь нэгэн хошуу зохиож, өөрийг нь засаг ноёноор өргөмжилжээ. 1716 онд түүнийг Манж Зүүнгарын хилийн ойролцоо Хамид томилон суулгаж, ойрадыг тандан сэргийлэх үүрэг хүлээлгэжээ. Равжирыг нас барсны дараа түүний ахмад хүү Дэнзэн эцгийн орыг залгасан ба Зүүнгарчуудын довтолгооноос айн, дотогшоо нутаглахыг хүссэнд түүнийг Далан уул , Алтан нэрт газар суулгажээ. 1740 онд Дэнзэн нас барсанд түүний ууган хүү Лувсандаржаад хэргэм залгамжлуулж, төрийн бэйл өргөмжлөв. 1753 оноос тэднийг Эзнээ голын  хавь нутаглуулснаас Эзнээ голын торгууд хошуу буй болжээ.