Уулын хүмүүс буюу Увсын хотонгууд
Дундад азийн Узбек, Киргиз, Туркестан, Хасаг зэрэг түрэг угсаатан болон Иран, Монгол овгуудаас гаралтай нэгэн ястан манай орны алс баруун хязгаарт суурьшаад хэдэн зуун жил болжээ. Монголчууд бусад улс үндэстний хүн ардыг олзлон авчирч суурьшуулж байсны ул мөр болох Хотон хэмээх өвөрмөц ястан Увс аймгийн Тариалан суманд байдаг.
Увсын ахмад зохиолч Б.Норов “Хотонгууд маш өвөрмөц хүмүүс. Тэдний талаар 10 гаруй жил хэвлэлээр юу ч гараагүй” гэсэн нь уншигчдад бага боловч мэдээлэл хүргэх бодол төрүүлсэн юм. Хотонгууд овоо тахихдаа нар буруу тойрч, малын цус өргөдөг гэж нэг нөхөр маань Тариалан орох замд ярьсан нь сонирхлыг бүр ч илүү татав.
Тариалан сумын нутаг цас ихтэй, зарим айл тал, хөндийгөөс уул өгсөөд өндөр сарьдагийн дунд хавьд өвөлжсөн харагдана. Малын бэлчээрээ сонгож буусан нь тэр гэж нутгийн залуу тайлбарласан ч Хотон хүн, мал хоёр угаасаа уулынх мэт санагдсан. Тэд сарлагаа ихэд шүтэх бөгөөд гэр орноо үхэртээ ачаад дөрвөн улиралд ямар ч бартаат уулыг даваад нүүчихдэг гэнэ. Тариалан сумын хүн ам 5000 гаруй бөгөөд 80 орчим хувь нь Хотон ястан. Тэд харваас андашгүй юм. Монхор шулуун хамар нь ялимгүй сартгар, ногоон жартгар нүдтэй, үс нь их өтгөн буржгардуу. Тэднийг зүйрлэвэл туркүүдтэй төстэй. Хотонгуудыг Увсын нутагт 1715 он болон 1836 онд олзолж ирсэн гэж хоёр янзаар түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэдний гарал, үүслийг оросын жуулчин Г.Н.Потанин, монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, манай нэрт судлаач С.Бадамхатан болон бусад эрдэмтдийн бүтээлд тодорхой тэмдэглэжээ. Тариалан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Батчулуун “Манай өвөг дээдсийг Галдан хаан цэргийнхээ гурил будааг бэлдүүлэхээр олзлон ирж тариа тариулж байсан гэдэг. Галдан бошигтын үед ашиглаж байсан шуудуу одоо ч бий. Харин Галдан гэдэг нэр гээгдээд одоо зөвхөн Бошигтын шуудуу гэж нэрлэдэг” гэж хуучиллаа. Түүний ярианаас өнөөдөр Хотон ястан дотор долоон элкэн /элгэн садан, овог/ байдаг гэнэ. Сумын соёлын төвийн бяцхан музейгээр орж үзлээ. Хотон ястны долоон элкэнийг С.Бадамхатан гуайн хамгийн сүүлд ангилснаар бичиж үлдээсэн байна. Хотон ястны газар тариалангийн багаж, мал маллагааны тоног, гэр ахуйн хэрэгсэл нь өвөрмөц юм. Музейг тайлбарласан эмэгтэйн хэлснээр зарим нэрийг эртнээс одоо хүртэл уламжлан хэрэглэж байгаа юм байна. Тухайлбал: уналга, ачилгад ашигладаг эр үхрийг цар, эмээлийг эгээрд, хазаарыг жүгийк, чөдөрийг баш гэх мэтээр нэрлэнэ. Соёлын төвд сурагчид концерт тоглож байхыг сонирхов. Охидын өмссөн үндэснийх нь хувцас дөрвөд, баяд тэрлэгтэй төстэй санагдсан. Харин авгай дээл нь нэлээд өөр, босоо захтай, дөрвөлжин энгэргүй, задгай юм. Эрэгтэй, эмэгтэй аль ч дээл нь нударгагүй ажээ. Хотон биелгээ нь дөрвөд, баядаас өөр, огцом хөдөлгөөнтэй. Эхлээд харахад амархан мэт санагдсан ч тоглолтын дараа хүүхдүүдээр нэлээд заалгаад ч хөдөлгөөнийг нь давтаж чадсангүй. Хотон хүн бүр биелдэг, айл бүхэн морин хууртай, бараг бүгд хуурддаг гэнэ. Хурлын даргаасаа эхлээд багш, галч, манаач, сургуулийн хүүхдүүд бүгд нэг нэг татлага хуурдаж сонирхуулав. Хуурыг багаасаа заалгадаг, айлын найр, хамт олны баяр, цуглаан дээр захаасаа л биелэгээ хийгээд эхэлдэг гэж сэтгүүлч нөхөр маань ярилаа. Наймдугаар ангийн охиноос үндэсний дуу дуулахыг хүсэхэд,
“Хойноо цөөхөн нь
Гүймстхээм байлаа
Холчиргон явахдаа
Салдым байлаа…” гээд үргэлжлүүлэн дуулж сонсгов. Дууны үгийг Халх аялгуунд
Хонины цөөхөн нь
Гүймхий юм байна лээ
Гэнэн томоогүй явахлаар
Салдаг юм байна лээ гэж буулгах гэнэ. Хотон ястан өвөрмөц соёл урлаг, зан заншилтай, түүнийгээ үр хойчдоо өвлүүлэх эрмэлзлэлтэйг уулзсан хүмүүсийн ярианаас бид мэдэрч байсан. Хэдийгээр цаг хугацаа давчуу явсан ч Хотон айлаар ороод амжлаа. Дөрөв болон ихэвчлэн бага таван ханатай гэрт амьдардаг бөгөөд тавилга, эд хогшил гэхээр гойд зүйлгүй. Зүүн хатавчнаасаа дээшлээд тогооны шүүгээ, авдар тэгээд нэг ор, баруун талдаа мөн нэг ор гэх мэтээр Монгол орны хаана ч байдаг хөдөөгийн эгэл айлын дүр төрхтэй төстэй. Гагцхүү хоймрын авдар дээр торгонд ороосон Арабын ариун судар залснаараа ялгаатай. “Ум ма ни бад ми хум” гэдэг маанийн зургаан үсгийг Халхчууд бараг бүгд мэддэг шиг Коран судрын нэгдүгээр бүлгийн уншлагыг Хотон хүн бүхэн мэддэг гэнэ. Зочилсон айлынхаа хоймор тийш хараад шашны зарим зан үйлээс сонссон нь санаанд орлоо. Хотонгууд Тариалан сумын нутагт байдаг алдарт Хархираа уулын хоёр овооны нэгийг цагаан идээгээр, нөгөөг нь улаан халзан ямаагаар тахидаг байжээ. Ямааны хөлийг нь боож, хүзүүг нь хэрчин алаад толгойг нь барьж овоогоо нар буруу гурав тойрохдоо цусыг нь цацдаг байсан гэдэг. Энэ уламжлал одоо ч байгаа тухай нутгийн зарим хүн ярьж байсан. Ямар ч байсан Хотон хүн мал нядлахдаа хүзүүгээр нь хэрчдэг бөгөөд өрцлөхийг бодвол гарын бузар маханд шингэдэггүй, маханд цус хүрч улайдаггүй хамгийн цэвэр ажиллагаа гэж үздэг байна. Бидний орсон айлын эзэгтэй түр эзгүй байсан бөгөөд гэрийн эзэнтэй мэнд мэдэлцэж хэсэгхэн хөөрөлдөв. Дундад азийн уулын хүмүүсийн дүр төрхийг илтгэсэн гэмээр хоёр бяцхан хөвгүүнийх нь зургийг дарав. Ингэсгээд сумаас явах хугацаа боллоо. Хурлын дарга нь Хэвлэлийн Хүрээлэнгийн гурван төлөөлөгчийг үдэхдээ Хотон хүний хөдөлмөрийн амт шингэсэн замбайн гурил бэлэглэв. Хотонгууд тариа будаа, нарийн ногоо тарихдаа гарамгай, замбайн гурилыг гараар тээрэмддэг учраас хамгийн чанартай нь энд байдаг тухай өмнө нь сонссон байсан юм. Настай Молдачууд /Арабаар бичиг уншдаг өндөр настай Хотон хүн/ зуураагүй замбайг гурван хуруугаараа чимхээд шидэхэд гурил бутрахгүйгээр хоёр метрийн зайтай байгаа зочны аяганд яг онож ордог тухай сэтгүүлч Б.Норов хуучилж байсан. Тариаланд бидний хийсэн нэг ажил бол Хотон ястангуудын дунд явуулсан судалгаа байсан юм. “Орон нутаг дахь мэдээлэл авах боломж” сэдвээр авсан судалгаанаас алс баруун хязгаарын нэгэн суманд мэдээлэл яаж хүрч, тэдний хэрэгцээг хэрхэн хангаж байгааг бага боловч тодруулахыг зорилоо. Мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж нь МҮТВ гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь хариулсан байна. Тариалан бол аймагтаа өндөр хүчдэлийн шугамд холбогдсон ганц сум нь. Түүнийгээ дагаад цахим тооцоолуурын хэрэглээ, хөгжил ч төрийн албан хаагчдын хэрэгцээг хангах хэмжээнд дөхөж очсон нь ажиглагдсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байгаа мэдээлэл амьдрал ахуйд тэр бүр хэрэгцээ хангадаггүй гэж мөн л 94 хувь нь үзэж байна. Хэрэгцээ хангахгүйгээр үл барам бараг итгэдэггүй гэж талаас илүү /56.3 хувь/ нь үнэлжээ. Түүнээс гадна орон нутгийнхаа талаар ямар ч мэдээлэлгүй байдаг гэж бүгд хариулсан. Тэдний дийлэнх нь хэвлэл мэдээллээр үнэн бодит, амьдралд хэрэгцээтэй мэдээлэл, ашигтай зөвөлгөө авахыг хүсч байна. Энэ мэтээр сурагч, оюутан, төрийн байгууллагынхан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс нэлээд дэлгэрэнгүй судалгаа авсан бөгөөд тэр бүхнийг нуршсангүй. Гарал үүсэл, зан заншил, шашин зэрэг нэлээд зүйлээрээ бусдаас ялгарах энэ бяцхан ястны хэвлэл мэдээлэлтэй холбоотой бодол, байр суурь хожим түүхийн нэгэн эх сурвалж болж болох юм. Хотон ястны талаар сүүлийн хэдэн жил судалгааны материал, нийтлэл гараагүй бөгөөд бид энд зөвхөн зарим нэг онцлогоос нь цухас дурдлаа.
www.Pressinst.org.mn
