ГАЛДАНБОШГОТ БОЛ ХУТАГТ ХУВИЛГААН, ШАШНЫ ЗҮТГЭЛТЭН

ГАЛДАНБОШГОТ БОЛ ХУТАГТ ХУВИЛГААН, ШАШНЫ ЗҮТГЭЛТЭН

Галдан бошгот хааныг төрөх үед нь Төвдийн Энса хутагтын хувилгаан хэмээн зарласан нь дараах учиртай. Ойрадад шашны хэргээр явсан төвдийн Энса хутагттай Баатар хунтайжийн хатан Юм-Ага уулзаж хожмын ерөөл хэлэлцэхэд танайд хөвүүн болж эргэж төрнө гэжээ. Галдан төрөлхийн ухаан сэргэлэн авхаалжтай хүүхэд байсан бөгөөд түүний ертөнцийг үзэх үзэл төлөвшин тогтоход Ойрад, Төвд орны дотоод гадаад улс төрийн байдал ихээхэн нөлөөлжээ.

Тэрээр 1650 онд 6 настайдаа шашны номд суралцахаар Ойрадын Зая бандида Намхайжамцын тэргүүлсэн мөргөлчдийн хамтаар нутгаасаа гарч 1651 оны нэг сарын орчим Лхаст очжээ. Галдан нэг талаас Ойрадын томоохон язгууртны хүүхэд байсан тул Төвдийн гурван их сүмд шавилан сууж шашны нэр нөлөө бүхий хутагтуудаар ном заалган, нөгөө талаар угаас сэргэлэн, хичээлтэй байсан нь төвд хэлийг гаргуун сайн эзэмшиж шашны номыг гойд сайн суралцахад нөлөөлсөн байна. Мөн түүнчлэн Галдан Энса хутагтын хувилгаан хэмээн алдаршсан байсан нь ном сурах үйлсэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой.

Галдан Төвдөд сурч байх үед буюу 1653 онд түүний эцэг Эрдэнэбаатар хун тайж бие барсан болон 1662 онд Монголчуудын шашны их багш Зая бандида Огторгуйн далай Лхас орох замдаа жанч халсан зэрэг нь түүний шашны цаашдын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар Далай лам, Банчин эрдэнэ нар “… чиний мэдлэг хязгаарт хүрчээ, чи эх нутагтаа хүрч шашин номын үйл хэргийг дэлгэрүүл” хэмээн хэлэхэд хүргэсэн байна. Тиймээс ч 1663 оны үед Галдан эх нутагтаа эргэн ирж шашин номын үйл хэрэг эрхлэн суух болсон бөгөөд Хөхнуурын ойрад ламтан Сүмбэ хамба Ишбалжирын онож өгүүлснээр “… Ялгуулсан бар умраас умар дор, шашин өргөжих хэмээн үзүүлсэн мэт умрын хязгаар зүүн гарын зүгт тэр дэлгэрсэн бөгөөд тэр нь ч Галдан бошгот хаан тэнд бодь мөрийн зэрэг өлмий бататгах тарнийн хийд гурваныг тогттон тавиглал хүндлэн үйлдэв” хэмээсэн нь бий.

Зая бандида Намхайжамц ойрадуудыг шашны номонд тэргүүлэн оруулж байсан бол Галдан хутагт бээр Ойрад нутагт бурхны шашин дэлгэрэн хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэн бататган хөгжүүлж чадсан юм. Тэрээр Ойрад нутагт гурван том хийд байгуулсан бөгөөд эдгээрээс нэг нь шашны сургалт явуулдаг байсан бол нөгөө хоёр нь сүсэгтэн олны буян номын ажлыг гүйцэтгэдэг байжээ.

Хэдийгээр Гэгээн хутагт Галдан шашны сахил санваараа өргөн төрийн зүтгэлтэн болсон хэдий ч дан ганц Ойрад түмний төдийгүй нийт монгол туургатныг бурхны шашны ариун номонд удирдан оруулж түүний гайхамшигт соёлыг монгол хөрснөө буулгахад үнэт хувь нэмрээ оруулжээ.

” “ГАЛДАНБОШГОТ ХААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ”/ Өргөө бүтээгчдийн үг/ сэтгүүл.