“ÝÐÒÍÈÉ ÑÓÐÂÀËÆÈÒ ÕÎÉÄÓÓÄ ÕÀÀÍÀ ÁÀÉÍÀ”
“Эртний сурвалжит Хойдууд хаана байна”
Д.Баярсайхан /МУИС-ийн
Улаанбаатарын сургууль/
Түлхүүр үг: Хойд, Ойрад, Их мянган, Цагаан туг, Алаг гулз, Өл түмэн, Мянгад.
Хураангуй: Энэхүү өгүүлэлээс Ойрадын язгуурын аймгуудын нэгэн болох Хойд аймгийн түүхэн ирэлтийн хураангуй, түүний бүтэц бүрэлдэхүүн, өнөөгийн тархацын талаар өгүүлэх болно.
Дөрвөн Ойрадын түүхнээ балрашгүй ул мөрөө үлдээж, тэргүүлэх их аймаг хэмээгдэн байсан ХОЙД хэмээх аймаг өдгөө хаана байна вэ? Ойрадын бусад аймгуудад уусан шингэв үү? Аль эсвэл жишигдэн тархаагдав уу?
Нэгэн цагт дөрвөн Ойрадын тэргүүлэх аймаг хэмээгдэн, энэхүү аймгийн эрх баригчид нь дөрвөн Ойрадыг мэдэн захирч явсан энэ аймгийн түүхийн судалгаа ч харьцангуй бага хийгджээ. Хойд аймгийн угсаа түүхэнд холбогдох эх сурвалж нэлээдгүй ч эл талаарх судалгаа хомс аж. Хойд аймгийн талаар Оросын судлаач Ю.Лыткин [Лыткин.Ю, 1980], Хятадын эрдэмтэн Намсрай [Намсрай, 1986], Ши.Норов [Норов.Ши, 1999], Ирбисай [Ирбисай, 1996], Д.Нарс [Нарс.Д, 1997], Г.Лижээ [Лижээ.Г, 1992, 1994, 2008] үндэсний судлаачдаас С.Пүрэвжав [Пүрэвжав.С, 1970], А.Очир [Очир.А, 1993, 2003, 2006, 2008], С.Бадамхатан [Бадамхатан.С, 1996], Ц.Төрбат [Төрбат.Ц, 2004], зэрэг судлаачид анхааралаа хандуулан судалсан байна. Гэсэн хэдий ч эдүгээ хүртэлх Хойдын угсаа түүхийн судалгаа эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны нэгэн сэдэвт бүтээлд дашрамын төдий дурьдагдахаар л хязгаарлагдаж байгаа нь эл талын судалгаа нэн хоцрогдож байгааг илтгэнэ. Чингээд энэхүү Хойд хэмээх аймаг чухам ямархан түүхэн замналыг туулан ирсэнийг тоймлон өгүүлье.
Хойд хэмээх аймгийн нэр XVII зууны дунд үеэс түүхэн сурвалжид дурьдагдах болжээ. Тодруулбал “Эртний монголын хаадын үндэсний их шар тууж”-ид 1643 оны усан гахай жил V Далай лам Данзанжамцын бичсэн “Залуусын хурим” дах мэдээ сэлтийг үндэслэн, Хойдын уг нь Явган мэргэн, мөн “Монголын нууц товчоо”-нд дурьдагдах Хутуга бэхиг Хойд хүн болох тухай дурьдсан байдаг [Их Шар тууж, 2006].
Хойд нь Ойрадын эртний язгуурлаг аймгуудын нэгэн бөгөөд түүхэн итгэмжит сурвалжуудын мэдээг үндэслэн Хойдын угсаа гарвалыг нь тодруулбал. Чингис хааны дээд өвөг болох Торголжин баян Дува сохор, Добу мэргэн хэмээх хоёр хүүтэй аж [Монголын нууц товчоо, 1990, 3-р зүйл]. Дува сохор ах нь Доной, Догшин, Эмнэг, Эрх гэх дөрвөн хүүтэй атал Дува сохорыг үгүй болсны хойно дөрвөн хөвгүүн нь Добу мэргэн авга юугаа урагт үл тоон гурван голын сав нутгаас дүрвэн нүүж Горлос буюу Енисей мөрний сав газар нутагласан аж [Монголын нууц товчоо, 1990, 11-р зүйл, Рашид-Ад-Дин, 2002, тал 80-81]. Энэ үйл явдал IX зууны сүүл X зууны эхэн үед болжээ. Чингэснээр
-Дува сохорын хөвгүүдээс салбарласан нь Ойрад /баруун монгол/
-Добу мэргэний хөвгүүдээс салбарласан нь язгуурын монгол /зүүн монгол/ болжээ.
Ингээд Дува сохорын дөрвөн хөвгүүн Доной, Догшин, Эмнэг, Эрх нар Ойрадын Өөлд, Баатуд, Хойд, Хэрэгнүүд, аймгуудын өвөг дээдэс болсон гэхүл чухам хэн нь хэнийх нь дээдэс болох талаар мөшигхүл эл талаар өгүүлсэн сурвалжийн мэдээг бид олж үзсэнгүй. Харин манай судлаачдаас өөрсдийн бүтээлдээ Доной нь Өөлдийн, Догшин нь Баатудын, Эмнэг нь Хойдын, Эрх нь Хэрэгнүдийн дээдэс болсон хэмээдэг [Далай.Ч, 1994, тал 43, Нямбуу.Х, 1992, тал 102] авч чухам ямар эх сурвалжийг эш болгосноо дурьдсангүй. Бидний санахад Доной, Догшин, Эмнэг, Эрх хэмээн сурвалжид дурьдсан дараалалаар нь жагсаан үзсэн хэрэг болов уу. Энэхүү Дува сохорын дөрвөн хөвгүүн зүгээр нэг ганц нэгээрээ тусгаарласан хэрэг огтхон ч бус харин албар харъяат ардын хамтаар дүрвэн нүүж шинэ аймаг угсаатныг үүсгэсэн ажээ.
Хойд хэмээх нэрийдлэгийн талаар нэг хэсэг судлаачид хонь ихтэй байснаас Хойд хэмээгдсэн [Очир.А, 1993, тал 72, Очир.А, Дисан.Т, 1999, тал 48] гэдэг бол нөгөө хэсэг нь Ойрад аймгийн умард хэсгээр гол төлөв нутагладаг байснаас тийн хойд зүгээр нутаглагсад, Хойдууд хэмээн нэршсэн [Угсаатны зүй, 1996, тал 17: Бадай нар, 1992, тал 33: Эрдэнэ, 1992, тал 36] гэж үзнэ. Үнэхээр ч Хойдууд Ойрад аймгуудын умард хэсгээр нутаглаж байсан тухай сурвалжийн мэдээ нэлээд тохиодог [Баярсайхан.Д, 2007]
Хойдууд бусад аймгуудын хамтаар язгуурын монголчуудаас салан тусгаарлан Ойрадын эртний аймгуудыг үүсгэсэн он цаг нь даруй Х зууны эхэн үе бөгөөд XIII зууны эхэн үе гэхэд нэлээд хүчирхэгжин бусад аймгуудаа мэдэн захирах болсон ажээ. Тиймээс ч “Монголын нууц товчоо”-нд Хойдын Хутуга бэхийг Ойрадын Хутуга бэх хэмээн тэмдэглэсэн буй за [Монголын нууц товчоо, 1990, 239-р зүйл]. Энэ үед Енисей мөрний дунд урсгал, Байгаль нуурын баруун биеийн ой тайгат нутагаар нутаглан сууж байсан бололтой байдаг тиймээс ч эрхлэх аж ахуйн хувьд ч ан агнуурыг голлон эрхэлж байв. 1207 оны туулай жил Зүчи баруун гарын их цэргийг аван Ойн иргэнийг дайлаар мордох үед Хойдын Хутуга бэх түмэн Ойрадаа аван эн түрүүн элсэн ирсэн бөгөөд үүнд Чингис хаанаас ихэд соёрхон түүний хөвгүүн Иналчид Цэцээхэн охиноо, Төрөлчид Зүчийн охин Олуйханыг өгч ураг барилдаж байсан байна [Монголын нууц товчоо, 1990, 239-р зүйл]. Энэхүү ургийн явдал үүгээр зогссонгүй Хойдын ноёд гурван үе өрлөж Чингис хааны алтан ургаас хатан буулгасан тул яс нь цайж “Цагаан туг”-ийн ноён болж байжээ. [Дөрвөн Ойрад, 2001, тал 26]
Хойдын түүхнээ Явган мэргэн хэмээх нэгэн их хүний нэр ихэд дурсагдах бөгөөд чухам хэн болох талаар харилцан адилгүй саналууд дэвшигдэн гарах боловч тэдгээрээс нэлээд тал өгүүштэй нь Хутуга бэхийг Явган мэргэн хэмээдэг байсан гэх санал юм. [Очир.А, 2006,]
Хутуга бэхийн дараа Хойдыг Иналчи, Буха төмөр, Жунэн угсаа залган захирч байжээ [Рашид-Ад-Дин, 2002, тал 80-81]. Бухатөмөрийн үед Хойдын нэлээд хэсэг нь Цагаадайн хаант улсын Могилистанд хамаарагдах болсон бөгөөд энэ нь Хубилай Аригбөхын тэмцэлийн үед тэд Аригбөхын талыг илэрхий дэмжиж байсан бөгөөд Аригбөхын тэмцэл дарагдахад арга буюу холбоотон байсан Цагаадайн хаант улсын нутагт шингэн орсон байна. Тиймээс ч түүхэн сурвалж дахь Цагаадайн хаант улсын Тамерлан буюу доголон Төмөр хаан эхийн талаас Хойд аймгийн хүн байсан гэх мэдээ нэлээд үнэний хувьтай ажээ. Хойдуудын нэлээд хэсэг нь дундад азид Төмөрийн хаант улсад багтаж байгаад хожим задарсны хойно эргэн Ойрадын холбоонд оролцсон бололтой. Өгүүлэн буй үед Хойдууд Уйгар, Хасаг, Анжан зэрэг угсаатан, үндэстэнийг ноёрхож байсан гэх мэдээ ч бий.
Итгэмжит сурвалжийн мэдээг үндэслэвэл XIV зууны сүүл XV зууны эхэн үед Ойрадыг Хойд аймгийн тэргүүлэгч, хаших ноён Үгэчи хэмээгч мэдэн захирч явсан байна. Энэ үеэс Ойрад аймгууд дунд Хойд аймгийн хүчин нөлөө багасч орыг нь Өөлд аймаг бага багаар эзэлж эхэлсэн бололтой байдаг. Энэ нь Өөлдийн Тогоон тайш 1437 онд дөрвөн Ойрадын чуулганыг санаачлан тэрлэн байгуулж, өөрөө чуулган дарга болсон түүхэн үйл явдалтай шууд хамаасна. Хойд аймгийн хүн амын нэлээд хэсэг нь Цагаадайн хаант улсад хамаарагдан дундад Азийн улс түмэнд шингэсэн хэдий ч Ойрад дахь сүр хүчин нь бас багагүй байлаа. Үүнийг бид дөрвөн Ойрадын холбооны бүрэлдэхүүнээс мэдэж болох бөгөөд Хойд нь Түмэд, Баатуудын хамтаар хоёрдогч Ойрадыг бүрдүүлж байв. 1502 оны үед Өөлдүүд баруун тийш жилийж, мөн зүүн Монголчууд Ойрадын холбооноос гарснаар холбооны бүрэлдэхүүн өөрчлөгдөж Өөлд, Торгууд, Дөрвөд, Хойд аймгууд Ойрадын холбооны голлох дөрвөн аймгууд болж Хойдын нэр нөлөө сэргэж эхэлсэн нь мэдэгдэнэ. Энэ байдал нь нэг их алдагдсангүй харин ч XVII зууны эхэн үед Торгуудууд баруун тийш их нүүдэл хийхэд орыг нь эзлэн нэгэн Ойрад хэмээгдэж байв [Хо өрлөгийн түүх, 2001, тал 161].
Улс төрийн бутралын үе (1368-1691 он)-д Хойдыг Хутуга бэх, Иналчи нарын шууд удмын ноёд болох Эрх хар, Одон ноён, Очир Мянгад, Сутай Мянгад, Эсэлбэй, Сайн хиа, Султан тайш, Алдар хошууч нар угсаа залган захирч байжээ. Эсэлбэй, Сайн хиа эцэг хөвгүүд Ойрадын түүхэнд их гавъяа байгуулж байсан тухай мэдээ байх бөгөөд түүнийг нь мөшгөн үзвэл зүүн монголын ноёдын довтолгооноос Ойрад түмнийг удаа дараа аварч их алдар гавъяа байгуулж байжээ. Тодруулбал 1612 онд Хотогойдын Алтан хан хэмээх Шолой увш хунтайж дөрвөн Ойрадад довтлон ирэхэд Сайн хиа аргаар буцааж дахин дайлахгүй байх ам тангарагыг нь авч байв. Энэ утгаараа түүхийн сурвалжид “Эсэлбэй хиа, Сайн хиа эцэг хөвгүүд зүгээр явах хүмүүн бус буй, найман мянган Хойд түмэн улсыг нь хувааж, хүчийг нь салгая” [Саган сэцэн, 2006, тал 72.b.] хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ үед Хойдууд ихэд наашлан Алтай даван Хүнгүй, Завхан голын саваар нутаглаж байсан мэдээ байдаг.
Хойдын язгуурын дөрвөн том овог байдаг байсан бөгөөд эдгээр нь Их мянган, Цагаан туг, Алаг гулз, Өл түмэн юм [Дөрвөн Ойрадын түүх, 2001, тал 36]. Түүхэн сурвалжийн мэдээг иш үндэс болговол, Хойдууд нь үндсэн найман том отогт хуваагдаж байсан бололтой бөгөөд Саган сэцэний “Эрдэнийн товч”-ид найман мянган Хойд хэмээх мэдээ гарч буй [Саган сэцэн, 2006, тал 70.а.] бол хожим Зүүнгарын хаант улсын ноёдын эзэмшил 21 ангийн 7 анги нь Хойдын анги [Ойрад Монголын түүх, 1994, тал 554] хэмээн өгүүлсэн нь ч бий.
XVII зууны эхэн үеэс Хойдууд тархан сарниж эхэлсэн бөгөөд 1612 оны Халх-Ойрадын дайны өшөөр Хотогойдын Алтан хан Хойдод сэхэл өгөхгүй довтлох болж улмаар Их мянган овгийн голдуу хүн амыг өөрийн эрхшээлдээ оруулж авч чадсан байна. Ингэснээр Хотогойдын зургаан том отгийн нэгэн нь бүрэлдэн бий болжээ [Монголо-Ойратскiе законы, 2004, тал 40]. Харин XVIII зууны сүүл үе буюу 1770-аад оны орчим Их мянган отгийнхон Хотогойдоос салан Ойрад түмнээ зорин ирсэн нь өнөөгийн Ховд аймгийн Мянгадууд юм.
1661 онд Султан тайш Хойд цэргийг дагуулан Моголистаны Ибрахим хааныг дэмжиж дорнод Туркенстаныг довтолсон боловч дорнод Туркенстаны Абдул хаанд ихэд ялагдаж, Зултас уулын өмнө хүртэл хөөлгөж цохиулж, улмаар Хөх нуурын газар нутагшсан нь өнөөгийн Хөх нуурын Хойд өмнөд хошуу болно. Хожим Хөх нуурын чуулганы баруун талын хошуудад хамааруулсан ажээ [Ма Да Жин, 1993, тал 61].
Харин нутагтаа үлдсэн Хойдуудыг Султан тайшийн удмын Алдар хошууч, Үйзэн хошууч, Амарсанаа нар угсаа залган захирч байжээ. Зүүнгарын хаант улсад нийт 21 анги байснаас Хойд 7 анги байсан нь тэдний хүч нөлөө нэлээд их байсныг мэдэж болно [Ойрад Монголын түүх, 1994, тал 554].
Галданцэрэн хааныг өөд болсоны хойно Султан тайшийн нэг хүү Луузан хошуучийн удмын Дэжид ноён өөрийн албатын хамт Орост орохоор зорьжээ. Чухам юуны учир ийн дүрвэн нүүх болсон тухай сурвалжид Зүүнгарын хаант улсад хямрал эхэлсэн тул тийн нүүсэн хэмээн тов тодорхой тэмдэглэсэн буй. Тийнхүү Дэжид ноён өөрийн албат ардын хамт нүүсээр Ижил мөрөнд ирж Торгуудын Дондогдаш хаанд бараалхан дагаар орох хүсэлт тавих зуур нөгчсөн аж. Чингэтэл Ижил мөрний Хошуудын ноён Жамъян гэгч Дэжид ноёны хүү Түмэнжаргаланд элч илгээн надад ирж нийл гэхэд тэд Жамъян ноёнд Ижилд нутаглахыг Дондогдаш хаанаар зөвшөөрүүл гэж хариу болзол тулгасанд Жамъян ноён Дондогдаш хаанаар зөвшөөрүүлж чадсан тул Ижилд нүүн очсон Хойдууд Хошуудад багтах болсон ажээ [Баатар Увш, 2006]. Хожим Хошууд, Торгуудууд эх нутгаа тэмцэн ирэхэд хамт ирсэн Хойдууд өнөөгийн Ховд аймгийн Булган сумын 5-р багт Хошуудуудтай хольцолдон сууж байна.
1752 онд Хойдыг захирч байсан Амарсанаа Даваач хаантай эвдрэлцэн өөрийн харъяат 2000 Хойдын хамтаар Манжид дагаар орсонд Халхын Засагт ханы нутагт нутаг заан суулгасан улмаар Манж нар Ойрадыг эзлэх явцад Султан тайшийн удмын Галдандаржаа 1755 онд хүчинд автан дагаар орсонд Манж нар түүнийг тэргүүн зэргийн тайж өргөмжлөн Амарсанаагийн харъяаттай хамтаар захируулан нэгэн хошуу зохион Засагт хан аймагт хавсруулжээ. 1767 онд Галдандаржааг бие барсаны хойно түүний дүү Лагчин харыг засаг ноёноор өргөмжилжээ. Улмаар энэ хошуу Засагт хан аймагт хавсаргасан Хойд засаг тэргүүн зэрэг тайжийн хошуу, Засагт хан аймагт хавсарсан Хойд Сүжигт гүний хошуу, Хантайшир уулын аймгийн Батхайрхан уулын хошуу гэгдэж байгаад 1924 онд Гурван сайхан жаргалант уулын хошуунд нийлсэн байна. 1931 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Алтай аймгийн Шарга сум болон төлөвшжээ. Одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн ард тэрхүү Амарсанаа, Галдандаржаа нарын захирч байсан хүн ард юм.
1755 оны үед Хойдын тайж Дамиран, Лувсан нар харьяат ардын хамт Дөрвөдийн гурван Цэрэнг дагаж ирсэнийг Дөрвөдийн сайн заяатын чуулганд багтаан хоёр хошуу зохиожээ. Энэ нь Дөрвөд дотор шингэсэн баруун зүүн засгийн Хойдууд юм.
Монгол-Ойрадын түүхнээ өөрийн балрашгүй ул мөрийг үлдээсэн олон арван улс төр, нийгмийн зүтгэлтнүүд Хойд аймгаас төрөн гарсан бөгөөд тухайлбал Хутуха бэх, Иналчи, Төрөлчи, Хар хирүгэ, Мөнхтөмөр, Эсэлбэй, Сайн хиа, Султан тайш, Сүмэр тайш, Алдар хошууч, Баяр гүн зэрэг тухайн үедээ нөлөө бүхий д тооцогдон байсан төрийн зүтгэлтнүүдийн зэрэгцээ “Дөрвөн Ойрадын түүх”-ийг зохиогч Баатар увш түмэн Хойд хүн байсан ажээ.
Ийнхүү зүдэг хар цагийн эрхээр Хойдууд Ойрадын тэргүүлэх их аймаг байсан тэрхүү хүчирхэг идэрмэг байдал нь алдагдаж өдгөө БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд Хөх нуурын Хойд нэгэн хошуунд, Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга суманд, Ховд аймгийн Булган сумын 5-р багт, Увс аймгийн Түргэн, Тариалан сумдад Дөрвөд, Хотон нартай зэргэмжлэн тус тус бөөнөөр оршин суухын зэрэгцээ Ойрадын Өөлд, Хошууд, Торгууд мөн Хотогойдууд дунд овгийн байдалтайгаар оршин тухайн ястандаа бүрэн ууссан Хойдууд ч байна.
Ашигласан хэрэглэгдэхҮҮн
[Баатар Увш]- Баатар Увш түмэн “Дөрвөн Ойрадын түүх” УБ., 2006 хэвлэлд бэлтгэсэн На.Сүхбаатар, Б.Түвшинтөгс BIBLIOTHECA OIRATICA VI боть
[Бадай нар, 1992]- Бадай, Эрдэнэ, Алтан-Оргил “Ойрад түүхийн дурсгалууд” Үрэмч 1992
[Баярсайхан, 2007]- Баярсайхан.Д “Хойд хэмээх аймгийн угсаатны нэрийн тухай асуудалд” УБ., 2007 Улаанбаатарын Их сургуулийн Нийгмийн ухааны эрдэм шинжилгээний бичиг
[Далай, 1994]- Далай.Ч “Монголын түүх” УБ., 1994
[Далай, 2006]- Далай.Ч “Ойрад Монголын түүх” УБ., 2006 BIBLIOTHECA OIRATICA III боть
[Дөрвөн Ойрад]- “Дөрвөн Ойрадын түүх тууж” хэвлэлд бэлтгэсэн На.Сүхбаатар
[Ирбисай, 1996]- Ирбисай “Хойдын ноён Султан тайш” “Шинжааны өдрийн сонин” 1996.01.08
[Лыткин, 1980]- Лыткин.Ю “Деяние Хойтских владельцов, ведущих свое приосхождение от Чингис хана” Москва., 1980 хэвлэлд бэлтгэсэн Р.Хэниш Калмыцки исторический памятники
[Лижэй, 1992]- Лижэй.Г “Ойрадын дээдсийн тухай хэдэн асуудалд” Ойрадын судлал сэтгүүл 1992 №3,
[Лижэй, 1994]- Лижэй.Г “Хойд аймгийн улиран хувьсалт ба угсаа сүлжлийн тухай” ӨМНШУ-ны сэтгүүл сэтгүүл 1994, №3,
[Лижэй, 2008]- Лижэй.Г “Шинжааны Ойрадууд” УБ., 2008 BIBLIOTHECA OIRATICA VI боть
[Ма Да Жин, 1993]- Ма Да Жин “Чин улсын дундад үеээс хойшхи Ойрад монголчуудын тархалт” Ойрадын судлал 1993 он № 3
[Угсаатны зүй, 1996]- “Монгол улсын угсаатны зүй” УБ., 1996 дэд боть эрхэлсэн С.Бадамхатан
[Монголын нууц товчоо, 1990]- “Монголын нууц товчоо” Б.Сумъяабаатар үсгийн галиг УБ., 1990 11-р зүйл,
[Лижэй, 1992]-Намсрай “Ойрадын чуулган болон Хойд аймгийн тухай өгүүлэх нь” Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны сэтгүүл 1986 он 3-р хугацаа
[Нарс, 1997]- Нарс.Д “Зултас дахь эртний Хойд аймаг” Шинжааны өдрийн сонин 1997. 04. 02
[Норов, 1999]- Норов.Ш “Ойрадын үүсэл хөгжилтэй холбогдох зарим асуудлууд”. Хх., 1999 Бүх улсын Ойрадын түүхэн анхдугаар удаагийн эрдэм шинжилгээний хуралд зориулсан өгүүлэл
[Нямбуу, 1992]- Нямбуу.Х “Монголын угсаатны зүйн удиртгал” УБ., 1992
[Пүрэвжав, 1970]- Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970
[Рашид-Ад-Дин, 2002]- Рашид-ад-дин “Судрын чуулган” УБ., 2002 орчуулсан Ц.Сүрэнхорлоо
[Саган сэцэн, 2006]- Саган сэцэн “Эрдэнийн товч” УБ., 2006 хэвлэлд бэлтгэсэн Д.Баярсайхан Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд.
[Төрбат, 2004]- Төрбат.Ц “Хойдын угсаа гарвалын тухай” Ойрад товчоон II дэвтэр, УБ., 2004 “Хойд аймгийн гарал үүслийн асуудалд” УБ., 2007 Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны тэмцэл ЭШБХ-ын эмхтгэл
[Ойрад Монголын... , 1994]- “Ойрад Монголын товч түүх” Үрэмч., 1994
[Очир, 1993]- Очир.А “Монголын Ойрадуудын түүхийн товч” УБ., 1993
[Очир, 2006]- Очир.А “Хойд аймаг ба Явган мэргэний үр хойчис” Түүхийн сэтгүүл t-III, f-17 УБ., 2006
[Очир, 2008]- Очир.А “Монголчуудын гарал, нэршил” УБ., 2008
[Очир, 2003]- Очир.А, Гэрэлбадрах.Ж “Халхын засагт хан аймгийн түүх” УБ., 2003
[Очир, 1999]- Очир.А, Дисан.Т “Монгол улсын Өөлдүүд” УБ., 1999
[Хо өрлөгийн түүх, 2001]- “Хо өрлөгийн түүх” УБ., 2001 тал 161 хэвлэлд бэлтгэсэн На.Сүхбаатар Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичигүүд II дэвтэр
[Эрдэнэ, 1992]- Эрдэнэ “Торгууд аймаг хийгээд Ховог сайрын Торгууд” Осака., 1992
[Их шар тууж, 2006]- “Эртний монголын хаадын үндэсний их шар тууж” УБ., 2006 хэвлэлд бэлтгэсэн Д.Баярсайхан Арван долдугаар зууны монголын түүхийн зохиолууд
