Торгууд ястаны хувцас

Торгууд ястаны хувцас

 XIX-XX зууны зааг үед торгууд хувцас үндэсний уламжлалт хэлбэрээ багагүй хадгалсаар иржээ. Торгууд хувцас, өмсгөл, зүүсгэл нь захчин, дөрвөд, баяд, урианхай ястны хувцастай ерөнхийдөө төстэй боловч бас ялгагдах онцогтой.

Торгууд эрэгтэйчүүдийн өвлийн улиралд өмсөх дээл нь урд гол оёдолдоо өнцөг гаргасан хар өнгийн цалам(Тожоо), нарийн хошмог, эргэдэг захтай. Ташаандаа хар өнгөөр эмжсэн тож дөрвөлжин оноотой, онооныхоо дээд талд хар өнгөөр хийсэн хуруу хирийн өргөнтэй хар өнгийн хоёр хөндлөвчтэй, дөрвөлжин энгэртэй, цагаан хурганы арьсаар бөөлжүүлэн эмжсэн урт ханцуйтай цагаан нэхий дээл(үч) өмсөнө. Зуны улиралд хар өнгийн цаламтай, дээрхийн адил оноотой, хөх, цагаан шаргал, хул өнгөтэй бөс даавуугаар хийсэн тэрлэг (лавшиг) өмсдөг.

Торгуудууд тоорцог, жатаг, хэрээн живэр, халбан малгай өмсөхөөс гадна зуны цагт цагаан алчуур орооно. Өвлийн улиралд хэрээн живэр, жатаг, араатай малгай, халбан малгай өмсдөг.

Хэрээн живэр малгайг настай хүмүүс ихэвчлэн хэрэглэнэ. Энэ малгай нь далаа бүтээсэн өргөн шилэвчтэй, бумал богино саравчтай, орой дээрээ богино улаан цацаг, улаан сүмбэтэй. Ар талдаа хос улаан бүчтэй. Үнэгний бушгаар үсэлсэн халх(хацар), хөх өнгийн эрүүвчтэй. Нийтэд нь хөх өнгөөр гадарласан байдаг. Хэрээн живэр малгайг ойрадын бусад ястнууд өмсдөггүй. Тийм ч учраас ард түмний дунд:

Хэрээн живэр малхайтай

Хэдэр ядар үгтэй торгуудууд гэсэн хэллэг бий.

Жатаг малхайг залуучууд өмсөнө. Жатаг нь дөрвөлжин хөх оройтой, орой дээрээ дөрвөн хошуу бүхий улаан тав, сүмбэтэй. Магнай талдаа зулайвч, хэвсэг, чихтэй. Хос улаан залаан дээрээ богино ногоон өнгийн давхар залаатай. Оройн тавны дотор талд хатуулга хийж хавсан, дөрвөн тал нь босоо ширээстэй. Оройн дөрвөн тал нь “Дөрвөн ойрадын холбоо”-г илэрхийлсэн гэж үздэг. Малхайн оройн өнцөгтэй талыг урагш харуулж өмсдөг.

Торгууд эрчүүд зуны улиралд дуулга хэлбэрийн цагаан алчуур ороож, баруун шанаандаа дороос нь дээш хавчуулна. Тэгээд ч өөрсдийгөө “цагаан дуулгат торгууд”-ууд гэж нэрлэдэг. Цагаан өнгийн алчуурыг цаст цагаан уултай адилтгадаг боловч олон зууны турш хил залгаа нутагласан дунгаан нараас өвлөн авсан бололтой. Тэгээд ч энэ нь зун намрын цагт Алтайн өвөр говийн халуун нар, элсэн шуурганаас хамгаалдаг хувцасны нэгэн төрөл юм. Ийм алчуурыг мянгад ястан хэрэглэх боловч ороох арга нь ялгаатай.

Торгууд эрэгтэй, эмэгтэйчүүд нийтлэг өмсдөг гоёлын малгайны нэг нь тоорцог юм. Тоорцогийг өвөл зунгүй өмсдөг. Тоорцогны орой, хөвөөнд шүрээр хэлхэж хйисэн өвсөн луу, пүүз хээг танан чимэглэлтэй хослон чимэглэнэ. Тоорцог бөөрөнхий оройтой. Тоорцог нь мяндсан урт улаан цацагтай, хар өнгийн орой, алтлаг шар хоргой бүслүүр, улаан өнгийн хавчаартай. Хөрөнгө бэлтэй хүмүүс тоорцогны чимэглэлийг дан шүрээр гоёмсоглон хийдэг байжээ. Тэгээд ч торгууд ардын дуунд

Тоорцог малхай

Толхойн чимэг

Торгууд авгай

Гэрийн чимэг хэмээн дуулдаг.

Ховог торгуудууд өвлийн улиралд хилэн, булга, суусар, минжний арьсаар үсэлсэн “жумалдаг” гэх малгай өмсөнө. Жумалдаг нь лоовууз маягийн хөх өнгийн намхан зууван оройтой, шилбэ өндөр, сампинтай. Сампингийн шилбэнээс ороосон голтой отго маягийн улаан өнгийн цацагтай. Хэвсэгний урд, хойд тал нь задгай. Ерөнхий хэлбэрээрээ чантуу малгайтай адилавтар. Туйв малгайг бас өмсөх боловч түүнийгээ “баслаг” гэж нэрлэдэг. Бүчлээч буюу араатай малгайг өвлийн цагт эрэгтэйчүүд нийтээр өмсөнө.

Торгууд эхнэрүүд ханцуйгүй урт цэгдэгийг ёслол хүндэтгэлийн хувцас болгон хэрэглэдэг. Цэгдэгний дотор лавшиг(тэрлэг) өмсөнө. Торгууд эхнэр цэнхэр, хөх,хар, ногоон өнгийн тэрлэг их төлөв өмсдөг. Тэрлэгэндээ хөвөөгөөрөө шүдэн хатгамалтай цагаан зах хадна. Цагаан зах нь анх бүх биеэ бүрхдэг нөмрөг мэт байснаа хожим хэрэглээний байдлаас үүдэж лавшиг, цэгдэгний захыг хиртэхээс хамгаалах болон гоёлын зориулалттай. Цагаан зах нь тэнгэрээс бэрлэж (эмээж) явна гэсэн санаагаар эхнэр хүн биеэ халхалж тэнгэр эцэгт үзүүлэхгүй гэсэн ёсноос үүдэлтэй аж. Ойрад монголчууд цагаан өнгийг ихэд эрхэмлэн хүндэтгэж цагаан гэдгийг эерүүлэн “гялаан” гэж нэрлэдэг билээ.

Торгууд эхнэрүүд лавшигний гадуур дэрэвгэр ээм(мөр)-тэй, задгай энгэртэй, энгэр, суу, хормой, бэлхүүсээрээ 3-4 хуруу өргөн хоргой эмжээр, солонгон өнгийн хошоогоор эмжсэн лавшигны өнгийг дагасан цэгдэг өмсөнө. Цэгдэгийг ван, бэйлийнхэн “цээжмэг” гэж нэрлэдэг. Ховог сайрын торгууд эхнэрүүд хүрэн өнгийн бишмүд(лавшиг) өмсөнө. Бишмүдийн зах, их биеийг үргэлж эсгэж хийдэг. Ийм хувцас ойрадын бусад ястанд байхгүй. Ховог торгуудууд бишмүд дээрээ цэгдэг өмсдөггүй. Тэд эхнэр хувцасаа бишмүд гэдэг бол Халимагууд эрэгтэй дээлээ бишмүд гэнэ.

Ховог эхнэрүүд нь ёслол хүндэтгэлийн үед эмжээр тоноггүй, ээмгүй цул хар өнгийн бэрз өмсөнө. Бэрз нь захгүй, уужим, нудрамгүй. Урд энгэрийн бүсэлхий орчмоос ногоон, хөх, улаан өнгийн цацагтай бүч зүүнэ. Бэрз нь ойрадын бусад ястны эхнэрүүдийн цагаан захыг төлөөлөн бэрлэх биеэ хааж өмсдөг хувцас юм.

Торгуудад “хэвнэг” хэмээх хүүхдийн нэгэн төрлийн хувцас бий. Хавар, зуны сард хур ноостойгоо зусаж, оройтож хургалаад шар ноостойгоо хатсан хонины ноос намар тийшээгээ эсгийрэн хөндийрдэг. Үүнийг бүтнээр нь хайчилж аваад усанд чанаж, зунгагыг нь угааж зөөлрүүлэн тэр чигээр нь эсгэж оёод хүүхдийн баривч хийдэг. Ийм хувцас нь тулганаас үсэрсэн цог, галд шатдаггүй учир хүүхдийг аглын аюулаас авардаг хэмээн үзэж үе улируулан өмсгөдөг. Торгууд эрэгтэй эмэгтэйчүүд дотуур хувцас болох кийлэн(цамц) шалбуур(өмд)-ыг бөсөөр хийхээс гадна өвлийн улиралд нэхийгээр хийж өмсдөг.

Торгууд эхнэрүүд мөнгөн чимэгтэй суман токиг, өнгийн утас, гуулин чимэгтэй шагайт чөмгөн токиг, шүр, мөнгөн сампин толгойтой токигуудыг хэрэглэнэ. Ерийн үед зөвхөн үсний шигэрмэг хэрэглэнэ. Тэд бас хүзүүндээ мөнгөн гау(гуу) зүүдэг байжээ. Торгууд эрчүүд зүүн чихэндээ хачиган, төдөг, гархин ээмэг, 9 хажтай бэлзэг(бөгж) зүүнэ. Ээмгийг зүүн чихэндээ зүүдэг нь Зүүн гар улсын иргэн гэдгээ баталж буй хэрэг гэж хуучилдаг.

Торгууд эрэгтэй эмэгтэйчүүдийн гос нь “тоокуу” хэмээх нэгэн өвөрмөц хийц, хэлбэртэй гутал юм. Тоокууг хийхдээ дэрсэн сүлжмэл дэлгэцэн дээр оймсны хэлбэр гарган, ахрын ноос зулж, дулааны улиралд бүлээвтэр усаар, сэрүүний улиралд халуун усаар услан ороож тохойлдон эсгийрүүлж, хавсраад хоёр амыг нь нийлүүлж, дахин халуун усаар шавшиж хуйлан тохойлдон өнхрүүлж дардаг. Үүнийг “дугтуйлах” гэнэ. Дугтуйлалтаас гарч ирснийг хөлийн хэвтээ болгохын тулд хэлбүүрээр хэлбэх, эсвэл гараар нитгэрч хэвшрүүлэн оймс болгоно. Бэлэн болгосон оймсондоо тохируулан цариг хийх нойтовтор ширийг оймсны тавагны хэмжээнээс хааш хааш нь дөрвөн хуруу орчим тавьж, захын хэсэгт хоорондоо 1 хуруу хэмжээтэй нүхлэн, гаргасан нүхээ соёогоор томруулан нарийн зүссэн сур гүйлгэж хумина. Оосрын хоёр үзүүр өсгий талд ижил урттай гарах бөгөөд уг оосроор өсгийн хэсэгт солбиж, хөлийн гануу хэсэгт дахин солбиод, дөрөөвчний хэсэгт гүлдрүүнд гүйлгэсэн гүйлгүүрээс доош цавчин авч хөлийн шилбээр ороон зангидаж бэхэлдэг. Тоокууг хар, цагаан хоёр өнгийн ноосоор хийнэ. Хар ноосоор хйисэн тоокууг баяр ёслол, гоёлын үед өмсөнө. Цараг хийх үхэр, адууны нойтон ширийг “хулдас” гэнэ. Царагны хөлийн дөрөөвч хүртлэх хуниасыг “бяруун шүд”, дөрөөвчнөөс хойшихыг “гүлдрүү” гэнэ. Тоокууг өвөл, зунгүй өмсдөг. Тийм ч учраас торгууд ардын дуунд:

Тоокуу нэгэн госон

Тов хийгээд байна

Торгууд нэгэн сэвгэр

Толгой дохиод байнаа хэмээн дуулдаг.

            Торгууд, захчингууд “тавагч” гэдэг ногт оосроор хөлд бэхэлдэг зузаан ширэн улыг хэрэглэж байсан аман мэдээ бий. Тавагчийг зарим ястнууд “баарцаг” гэж нэрлэдэг.

“Монголын Ойрадуудын соёл” А.Баасанхүү, Б.Батмөнх