ХАЛИМАГ ДАХЬ “ТОД ДӨРВӨЛЖИН” ТББ-ЫН САЛБАР ЗӨВЛӨЛ
ОХУ-ын Халимагийн БНУ-ын Халимагийн УИС дээр “Тод дөрвөлжин”-ий салбар зөвлөл 2012 онд байгуулагдсанаасаа хойш Ойрад монголчуудын түүх соёлыг судлах, сурталчилан таниулах зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Ойрадын түүх соёлыг сонирхон судлагч залуусын дунд уламжлал болгон Улаанбаатар хотноо зохион байгуулдаг “Ойрадын монголын түүх, соёлын асуудлууд” оюутны эрдэм шинжилгээний намар (2012.11.30), хавар (2013.05.10)-ын хурлыг Халимагийн ИС дээр зарлаж оюутнуудыг өргөнөөр оролцуулав. Намрын хуралд 4 илтгэл ирснээс 2-ыг, хаврын хуралд 15 илтгэл ирснээс 4 илтгэл шалгаруулж Улаанбаатарт болсон нэгдсэн хуралд оролцуулсан юм. Нийт оролцогчдыг батламж, дурсгалын зүйлээр урамшуулж энэ үеэрээ “Тод дөрвөлжин”-ий нэрэмжит ёслолын үйл ажиллагаа явуулж байлаа.
Ойрад түмний уламжлалт баяр ёслол болох “Зулын баяр”, “Цагаан сар” зэргийг тохиолдуулан Халимаг, Шинжаан, Өвөрмонгол, Халх монгол, Хөхнуурын монгол зэрэг монгол туургатан залуус оролцсон идээлгэ, будаалга, өдөрлөг, үдэшлэгийн олон арга хэмжээ явуулсан нь уламжлалт өв соёлоо дээдэлсэн, сурталчилсан сайхан арга хэмжээ болсон юм.
Торгуудын Увш хааны хөшөөг Элстэй хотод босгосонтой холбоотой монгол туургатан оюутан залуусын төлөөллийг оролцуулсан аялалыг Кубай гол, Дийлвэрийн овоонд зохион явуулав. Мөн Ховд ИС-аас ирсэн дадлагажигч оюутнууд болон Оросын өмнөд хэсэгт суралцагч оюутнуудыг оролцуулсан “Халимагийн тал нутгаар” тойрон аяллыг 2 өдрийн турш зохион байгуулав.
Бид Халимагийн ИС-иас зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд гишүүдээ хамруулж, уриалан дуудаж Халимаг хэл, түүх соёлыг дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байв. “Халимаг хэлний асган /орой/”, “Алтан товшуур”, “Халимаг цайны найр”, “Номын сангийн үдэш”, “Халимагийн алдарт зураач Г.Рокчинскийн мэндэлсний 90 жилийн баярын үзэсгэлэнгийн нээлт”, “Ойрадын занги” сонины 100 жилийн ойн арга хэмжээ зэрэг урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
Эдгээрээс онцлон дурдвал зохих арга хэмжээ бол газар газрын ойрад залуусын төлөөллийг хамруулсан “Цагаан сар” тойрон аялал юм. Энэ аялалын хүрээнд оюутан залуус Халимаг, Монгол, Шинжааны малчдын ахуй амьдрал, сар шинийн баярыг тэмдэглэх онцлог, ёс заншилтай танилцаж, өөрсдийн дуу хуур, бий биелэгээ, идээ цагаа, ахмад настнаа хүндлэн дээдлэх зэрэг олон сэдвээр санал бодлоо солилцсон юм. Дээрх бүх үйл ажиллагааг Халимаг дахь “Тод дөрвөлжин”-ий салбар зөвлөлийн гишүүд өөрсдийн нөхцөл бололцоо, хамтын ажиллагаа, Ойрадын төлөө зүрх сэтгэлээ харамгүй зориулдаг халимаг, монгол ахан дүүсийн хүч чадал, дэмжлэг тусламжаар зохион байгуулснаа дурдахад таатай байна.
Цаашдаа манай салбар зөвлөл уламжлалт үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэхийн сацуу, Ойрадын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэлэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж, хүч чадлаа дайчлан ажиллахаар санал нэгдэж байна.
Халимагийн УИС-ийн докторант Б.Нанжид