ДУУНД МӨНХРӨН ҮЛДСЭН ШУНУБААТАР

ДУУНД МӨНХРӨН ҮЛДСЭН ШУНУБААТАР

 

 

Монголын түүхнээ дуунд мөнхөрсөн баатрууд олон. Гэхдээ Шунубаатарын тухай дуу шиг олон газар дуулагдаж, тэр дууг нь дуулахаар гунигтай болж, тэр хэмжээгээр ард түмэн өрөвдөн хайрлаж, бас баатар зоригийг үнэлсэн нь ховор. Шунубаатарын дууны зарим хувилбарт

“Галуун шилбэ ганстай

Гашуун хөх тамхитай

Галдмаа хэвтэй /шиг/ ноён

Шунубаатар билээ” гэж Шунуг алдарт ноён Галдамаа баатартай адилтган дуулна. Галдамаа баатар гэдэг нь Ойрадын Хошууд аймгийн удирдагч Очирт цэцэн ханы хүү, домогт Ану хатны эцэг. Галдамаа баатар дайн байлдаанд бага наснаасаа шалгарсан баатар эр бөгөөд олон аймгийн дундах жижиг сажиг дайн мөргөлдөөнийг зогсоож эе эвийг бий болгож явсан ноён. Тэрээр  30 гаруйхан насандаа нас нөгчжээ.

Шунубаатарын тухай дуу “Нарийн говийн зээрд” хэмээх дууны маш олон хувилбар бий. Хөхнуур, Алшаа, Шинжаан, Халимагийн монголчуудын дунд тархснаас гадна манай орны Ховдын хязгаарын дөрвөд, баяд, урианхай, өөлд, захчин, торгууд нарын дунд дуулагдана.

Нарийн говийн зээрд нь

Наараан /наашаа/

халайгаад /хараад/ цэрвэнэ

Насан бага Шуну

Нагац нараа тэмцээд гарнаа

Гунан зээрдийн шанхаг

Гуян тийшээ ганхдаг

Гулжинхан бичхэн /бяцхан/ Шуну

Нагац нараа тэмцээд гарна

Энэ дууны ая нь уйтгар гуниг тээсэн, гэнээртэй учир дуулагч хөгшид, ялангуяа эмэгтэйчүүд нүдэндээ нулимастай, уярал хайрлалтай, дууны баатар болсон Шуну баатар, зээрд морь хоёрын хувь заяаг өрөвдөн хайрлана. Юуны учир бэ?. Шунубаатар албан түүхнээ үлдсэн үү? Үлдсэн бол хэн бол, хэдийд амьдарч яваад түмэн олноо хүндлэгдэн дуунд мөнхөрсөн юм бол!

Ойрад монголын Зүүнгар улс (1676-1755)-ын хамгийн хүчирхэг нь Цэвээнравдан (1697-1727 онд төр барив), Галданцэрэн (1727-1745 онд төр барив) нарын хаан суусан цаг үе. Энэ үед наанаа Манжийг сөрөн эсэргүүцэж, цаанаа Хасаг, Оростой тулж байв. Ардын дуунд мөнхөрсөн Шунубаатар баатар бол Цэвээнравдан хааны 2-р хүү Лувсаншуну болно. Цэвээнравданыг Зүүнгарын хаан ширээнд суусны дараа Халимагийн хан Аюук өөрийн охин Сэтэржаваа Цэвээнравдантай ураглуулж бүх ойрадуудын найрсаг харилцааг бэлэгджээ. Лувсаншуну Сэтэржав хатнаас төрсөн бөгөөд бага наснаасаа баатар эр болж төлөвшсөн, хорь гаруйхан настайдаа 1723 онд Ойрад-Хасагийн дайнд Ойрадын цэргийг удирдан орж байсан. Энэ дайнд ойрадууд гайхамшигтай ялалт байгуулж тэднийг Сырдарья мөрөн рүү шахсанаас гадна Хасгийн зүүн, дунд ордыг номхотгож өөрийн эрхшээлдээ оруулж чадсан юм. Лувсаншунын ялалт түүний нэр хүндийг бүх ойрад даяар алдарших эхлэлийг тавьсан. Дайчин баатарлаг үйлс, хатуу эр зоригоор ард түмэндээ гайхагдсан тул Шунубаатар хэмээн нэршжээ.

Тэр цагт хүчирхэг Манжийг эсэргүүцэж, бас Оросын дорно зүгт дэх сонирхолыг хазаарлаж байсан Зүүнгар улсад аюул занал маш их байв. Цэрэг зэвсгийн хүчээр дийлэхгүйгээс хойш аль болох дотроос нь хагалан бутаргах хүсэл аль алинд нь байв. Бас эзлэгдсэн хасаг, киргиз, уйгар нар мултран гарах боломжийг эрж хайсан түгшүүрт үе үргэлжилсээр.

Цэвээнравдан хааныг учир битүүлэгээр 1727 онд нас барах үед гадаад, дотоодын өдөөн хатгалга идэвхжиж хаан ширээг залгамжлахаар бэлдэж байсан Галданцэрэн, түүний ойрын тойрон хүрээлэгчдэд дүү ноён Лувсаншуну засгийн эрх авах гэж байгаа тухай мэдээ иржээ. Чухам энэ үед Лувсаншуну ээж, дүү нарын хамт өөрийн эзэмшил нутаг Хасаг-Ойрадын заагт түмэн цэргийн хамт ав хомрог зохион байгуулж байжээ. Зүүнгарын төрийг бусниулахаар хэн нэгний шидсэн чулуу “бай”-гаа онож Галданцэрэн цэрэг илгээн Лувсаншунугийн эх, долоон дүүг хороож, Лувсаншуну зугатаж амжжээ. Лувсаншунууг нагац тал болох Халимагийн торгууд нарыг түшсэн гэж домог түүхнээ өгүүлдэг. Зарим түүхнээ ахаасаа зугатаж яваад урьдын өшөөт хасгуудад алагдсан ч гэдэг.

Бас “Шунай эх өөртэй ах Галданцэрэнд цохигдож зугатаж явахдаа урианхайн Бүргэд хэмээх айлд нуугдаж хоргоджээ. Шунайн нийлсэн хүүхнээс нэг хөвгүүн гарав. Тэр хөвгүүний уг урианхайн Баярмагнай амбан гэдэг” гэж тод үсгийн нэгэн сурвалжид бас өгүүлнэ. Баярмагнай амбаны тухай “Монгол улсын шастир”-т Алтайн урианхайн Итгэмжит засаг Нацагдоржийн уг сүлжилийг өгүүлэхдээ, Цадиг – Дасхал, Уртнасан – Буяндэлэг – Дармабазар – Баярмагнай, Батмагнай – Балжинням – Эрхшуну,  Нацагдорж  гэж дарааллуулсан байна. Дээрх сурвалжид нэр дурдагдсан Баярмагнай нь Алтайн урианхайн зүүнгарын сул амбанаар 1858-1868 онд сууж байжээ.

Шунубаатарын тухай түүхнээ иймэрхүү зүйл бий. Гадаад, дотоодын явуулгад автагдаж төрсөн дүүгээ хөнөөсөн Галданцэрэн хөөрхий, гайтай хутган үймүүлэгч хорон хов үгнээс болж эх, дүү нараа алуулж 30 хүрэхгүй насандаа өнчирсөн Шунубаатар бүр ч хөөрхий. Хутган үймүүлэгчийн золиос болсон цэгц баатар Шунууг ард түмэн нь үеийн үед хайрлан, энэрэн дуулсаар…

Давш үгүй давааг

Шунаан зээрд давдаг

Дарагдаш үгүй дайсныг

Шунай ганцаараа дардаг

Хэдрэм үгүй давааг

Шунайн зээрд хэдэрдэг

Хэлш үгүй дайсныг

Шунай ганцаараа дардаг …

 

МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор На.Сүхбаатар