МЯНГАН УЛААН АТАА АВЧРААД НҮҮЛГЭЭД ЯВНА ГЭСЭН ЯАЛАА
Харийн түрэмгийлэлд өртөж ертөнцийн энд тэнд тарсан өөлдүүд халхад үлдсэн төрлүүдээсээ ийн асуудаг гэнэ. Хичнээн жил нүдээ чилтэл харж, нас нь ер давсан эмгэдийн ингэж асуусан тухай сонсоход өр өвдөм юм. Энэ удаа бид өөлд угсаатнуудын тарж бутарсан гунигтай түүх, Өвөрмонголын Хөлөнбуйрын өөлдүүдийн талаар уншигчиддаа хүргэе. Бидний ярилцагч маань түүхийн ухааны доктор На.Сүхбаатар билээ.
-Өөлд гэдэг нэрийг манайхан сайн мэднэ. Энэ нэр зөвхөн нэг угсаатны нэр юм уу, эсвэл бүр улс аймгийн нэр юм уу.
- Бичиг номонд, аман түүхэнд, өнөөдөр ч гэсэн өөлд, өөлдүүд гээд энэ нэр байнга гарч байдаг. Өөлд гэж яг тийм, ийм угсаатан гэж түүхийн үүднээс шууд хэлээд тодорхойлж бас болохгүй байна. Бүхэл бүтэн Ойрад монголчуудыг зааж нэрлээд байгаа ч юм шиг, эсвэл нэг угсаатны бүлгийг хэлээд байгаа ч юм шиг. Эсвэл халхууд дотор байгаа ойрад гаралтай хошуу нутгийнханыг хэлээд байгаа шиг янз бүрээр ойлгогдоод байдаг. Үүнийг цэгцтэй ойлголт болгомоор байгаа юм. Өөлд гэдэг нэрийг үндсэндээ хоёр түвшинд ойлгож болно. Нэгд, XVII зуунд Монголын зүүн өмнө зүгт мандсан Манж Чин улс монголчуудтай анх танилцаж, харилцаж байхдаа хооронд нь ялгаж салгаж ойлгохын тулд иймэрхүү нэр томьёо гаргаад иржээ. Түүхийн сурвалжийг харж байхад тэд ойрадуудыг өөлд гэж нэрлэчихсэн. Нэрний үүсэл нь Ойрад гэдэг нэрний хазгай дуудлага ч гэдэг. Нөгөөтэйгүүр Ойрадуудаас Манжтай хамгийн их тулж харьцсан, дайн байлдаан хийсэн хүн нь Галдан бошигт хаан. Энэ хааныг өөлдийн Галдан бошигт гэдэг. Сүүлд манжууд Зүүнгар улстай 60 жил дайн хийхдээ Ойрад дотор олон аймаг байна гэдгийг мэдсэн. Гэхдээ л Өөлд нэр Зүүнгар улсын гол үндсэн хүчин Цорос аймгийг нэрлэсэн нэр болж тогтжээ. Зүүнгар улсыг манжууд мөхөөхдөө голлон цорос аймгийн хүмүүсийг алж хядаад тэд цөөхөн үлдсэн юм. Өөлд гэдэг нэр хожим нилээд дэлгэрч бусад ойрадууд нь цоросыг өөлд гэж нэрлээд өөрсдийгөө хошууд, торгууд, дөрвөд гэж ялгаж нэрлээд сурчихсан байна. Ийм л хоёр түвшинд ойлгож болно.
-Тэгвэл Манжийн хааны гаргасан зохиомол нэр юм биш үү?
-Ер нь өөлд гэж аймаг байсан, 1502 оны үед цаашаа Алтайгаас баруун тийш нүүгээд явсан тухай сурвалжид гардаг. Тэр цагийн Дөрвөн ойрадыг бүрдүүлж байсан аймаг гэж. Манжууд зүгээр нэг буруу хазгай дуудаад ч ингээд нэрлэсэн биш байх. Урьд нь өөлд гэдэг аймаг байсан нь үндэслэл байж мэднэ. Ойрадын бусад аймгууд нь “Өсгөлүүн, том биетэй учир өөлэг буюу өөлд гэж нэрлэсэн юм” гэж домоглодог. Өнөөдөр өөлдүүд монголчуудын дунд их тарсан. Халимагт зюнгар гэдэг нэртэйгээр, Шинжаанд уг нутагтаа нэг хэсэг өөлд, Хөхнуурын хошуудын дунд, Алшаагийн хошуудын дунд өөлдүүд буй. Харин Галдан бошигт хааны дайн хийх явцад Өвөр монгол болоод Халхын нутагт нилээд хэмжээгээр үлдсэн хүмүүс бий.
-Тэгвэл Галдан хаанаас үлдсэн өөлдүүд өнөөдөр ямар хувь тавилангаар, хаана амьдарч байна вэ?
- Өвөр монгол, халхад байгаагийн нилээд нь Галдан хааны дайнаас үлдсэн өөлдүүд байна даа. Галдан хаан манжтай хэд хэдэн томоохон тулаан хийсэн. Өвөрмонголын Үзэмчин аймгийн нутагт Улахуй голд манжийн цэргийг бут цохиод цааш давшин Улаанбуданд 1990 оны 8-р сард манж ойрадын их том тулаан болжээ. Ойрадууд энэ тулаанд ялагдаад халхын зүг одсон байдаг. Улаанбудан бол Бээжинтэй их ойрхон газар. Ингэж зугатахдаа олон хүн ардаа замдаа орхижээ. Ер нь Галдангийн ингэж гүн цөмөрч орж дайн хийснийг одоо хүртэл түүхчид ойлгодоггүй. Манж гэдэг тэр их хүчний өмнөөс яагаад тэмцэв, хүчний тэнцвэргүй дайнд ялагдахаа мэдсэн бол яагаад тэгж нутгийн гүн рүү орж дайтав гээд л. 1737 онд түүхч Гаваншаравын бичсэн “Дөрвөн ойрадын түүх”-д Галдан хааны зарлиг гээд “Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа үгүй” хэмээх тэмдэглэл байна. Үнэхээр Галданд дайсан гэдэг дайсан л байжээ. Хүчтэй юу, хүчгүй юу тэр нь гол биш, дайсантай тэмцэх л хэрэгтэй гэсэн зарчим барьж ийм хүнд хүчир дайныг алс хол нутагт хийж байсан байна.
-Тэр тулаанаас олзлогдсон хүмүүс байх уу?
-Тэгэлгүй яахав. Манжууд Галданг мөшгиж хөөх явцдаа ард иргэдээс нь нилээнийг олзолж авчээ. Олзны хүмүүсийг Өвөр монголын аймаг хошуудад цөөн цөөнөөр тараасан. Ер нь өөлдийг шинэ ба хуучин гэж ялгадаг. Хуучин гэдэг нь Галдангаас олзолсон хүмүүс. Харин 1755-1758 оны Зүүнгарыг бут цохиход олзолсон хүмүүсийг шинэ өөлд гэж нэрлээд байгаа. Зөвхөн Цахар 8 хошууны 56 суманд бүгдэд нь өөлдүүд хэсэг хэсгээр байна. Юуг хэлээд байна гэхээр тэднийг тараан шингээсний жишээ юм.
-Монголд бас өөлд гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс бий?
-Тийм ээ. Архангайн, Баянхонгорын, Ховдын өөлдүүд гэж байна. Зүүн хилийн цаахна Хөлөнбуйрын өөлдүүд, Чичхарын өөлдүүд гэж бас бий. Галдан бошигт хаан одоогийн Тэрэлжийн Зуунмод гэдэг газар Манжтай шийдвэрлэх байлдаан хийжээ. Налайхын цаахна, Цонжинболдогийн наадах хөндийд шийдвэрлэх тулаан болж 1696 оны тавдугаар сард Галдан бошигт хүч тэнцвэргүй тулаанд ялагджээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр цэрэг авч ирсэн. Тэндээс Галдан баруун тийш зугатахад нэлээд олон хэсэг өөлдүүд олзлогдож баригдсан. Архангайн Тайхар чулууны орчимд Галдангийн үлдсэн цэргүүд бөөгнөрөх явцдаа цаашид тэмцэхэд хэцүү боллоо гэдэгт санал нэгдэж зарим ноёд өөрсдийн албатаа авч ийш тийш, зарим нь нутгийн зүг Алтай давж одсон ч бий. Галдан 1697 онд Алтайн нуруунд нас барахад харьяат өөлдүүдээс манжууд увуулж цувуулан хэд хэдэн бүлэг хүмүүсийг өөртөө оруулж авсан байдаг. Манжийн оруулж авсан нь Данжила, Аравдан зэрэг ноёдын харъяатууд. Эднийг Манжууд эхний ээлжинд Баянхонгор аймгийн Түйн гол орчим суулгажээ. 1720-иод оны сүүлч гэхэд 4 хошуу өөлдүүд байжээ. Гэтэл Зүүнгарын Галданцэрэн хаан 1731-32 онд “Манжийн савраас Халх ах дүүгээ салгаж авах” довтолгоон хийж Хангайн нуруу хүртэл давшжээ. Тэгэхэд нөгөө дагасан 4 хошууны хоёр нь Галданцэрэнгийн цэрэгтэй нийлээд зам заагаад давхиж явжээ. Тийм учраас нэг хэсгийг нь манжууд амжиж буцааж татаад Өөлдүүдэд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг ухамсарласан байна. Тэднийг Өвөрмонголын нутгийн гүнд суулгасан. Дараагаар Халх голд, нэг хэсгийг нь Хөлөнбуйрт аваачжээ. Манжийн эфү Цэрэн, Цэнгүнжавын хараа, мэдэлд нэг хэсгийг нь Хангайн нурууны Тамир орчимд суулгасан. Тэд бол одоогийн Архангайн Өлзийт, Хотонтын өөлдүүд юм. Үүнээс 1764 онд Дамбий тайжийн өөлдүүд Ховдод очиж суусан нь одоогийн Эрдэнэбүрэн сумын өөлдүүд юм.
-Баянхонгорт бас байдаг…
-Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сум өөлд ихтэй. Манай түүхийн судалгаанд бичснээр Галдангийн довтолгооны үед халхууд бүгд урьд говь гаталж нүүж суусан, харин Ламын гэгээний шавь нар л нүүгээгүй. Түүний учир нь Галдан бошигт Ламын гэгээн Лувсанданзан нар насан багадаа нэг багшийн шавь нар байснаас Галдан дайнд зовсон, шархадсан нэг хэсгээ Ламын гэгээнийн эзэмшилд үлдээсэн гэж. Тэд бол одоогийн Баянхонгорын Өлзийтийн өөлдүүд. Жишээ нь, өөрийгөө “өөлд өвгөн” гэдэг Тангадын Галсан гуай бол эдний үр сад юм. Ер нь Өлзийт гэдэг нэр устай газруудад өөлдүүд бий.
-Монголын зүүн хилийн цаахна амьдардаг Хөлөнбуйрын өөлдүүдтэй таныг уулзаж байсан гэж сонссон. Тэр талаараа сонирхуулаач…
-Би өнгөрсөн зун Өвөр монголын Хөлөнбуйр аймгийн Эвэнк үндэстний өөртөө засах хошууны Имин голд амьдардаг өөлдүүд дээр очоод ирлээ. Хятадын ойрад судлалын зургадугаар их хурал тэр суманд болсон юм. Ер нь Хөлөнбуйр аймаг бол их сонин. Нийт 26 орчим угсаатан үндэстэн тэнд амьдарч байна. Солоон, орчин, дагуур, эвэнк, буриад, хамниган, өөлд, барга гээд байна даа. Дагуур аймаг бол эртний киданчуудын холбоотой угсаатан. Эвэнк, солоонууд манж угсаатай ойр төрөл. Солоон нь лав Манжийн төрд их нүүртэй байсныг би мэднэ. 1756 онд ойрадаас олзолсон олон хүнийг Солоонд боол болгож шагнаж байсан юм. Одоо бол монголдоо нэвчжээ. Тэр олон угсаатны дотор Имин голын өөлдүүд 300 шахам жил тэнд амьдарсан хүмүүс байх юм.
-Олуулаа юм уу?
-Тэд өөрсдийнхөө хүн ам, өсөлт үржилтийг амьсгаа даран тоолж байдаг юм байна. Нийт 22 овгийн 711 хүн байна. Энд тэндхийн угсаатнуудаас оруулсан бэрээ оролцуулаад шүү дээ. Бидний оролцсон хуралд Шинжаан, Хөхнуур, Алшаа гээд олон газраас 150-иад судлаачид, зочид ирсэн. Тэр 711 хүн мөнгө санхүүгээ нийлүүлж байгаад энэ хурлыг зохион байгуулжээ. Ард түмний эвийн хүч, оюуныг дээдлэх үзэл, өмнөө тавьсан зорилго гэж үнэхээр хүчтэй юмаа. Манайхаар бол нэг сумын ганц багийн хүмүүс шүү дээ. Олон зуун жил цус холилдохгүй, мангар болохгүй, хийморилог, ингэж явна гэдэг овгоо сайн мэддэгийнх гэнэ. Тэд 100 жилийн өмнө гурван мянган хүнтэй байжээ. Яагаад ингэж цөөрсөн гэхээр хоёр удаа их тахал туссан гэнэ. Имин гол гэдэг нь Хайлаар хотоос холгүй газар юм. Манжуурын төмөр замаар оросоос орж ирсэн хижиг өвчинд нэрвэгдэж их цөөрчээ. Дараа нь 1932 онд япончууд бактерлогийн зэвсэг Хайлаарт туршиж, хийхдээ хулгана дээр хийсэн юм байна. Тэр туршилтын бай болж олон хүн өртөж өөд болжээ. Одоо өсөөд өсөөд 700 гаруй л болоод байгаа юм байна. Эд нарын түүх гашуун ч юм, бас их өрөвдөлтэй ч юм. Манж ногоон тугийн цэргийн хараа хяналт дор цөлөгдөж тэнд очсон хүмүүсийн хойчис. Манжийн үед хуучин өөлд, шинэ өөлд гэж 2 хошууны хойчис. Хуучин нь Галдангийн хойчис, шинэ нь 1756-57 онд олзонд очсон Дөрвөдийн Басан тайжийн харьяатууд. Одоо шинэ хуучин ялгарахгүй болж. Цамхад, суухан, заамад, галзад, шаазгайд, шарс, хиргис гэх зэрэг 20 иод овогт хуваагдаж байна.
-Өнөөдөр тэд яаж амьдарч байна вэ?
-Амьдрал нь сайн сайхан байнаа. Мал аж ахуйгаа эрхлэн тордож гол орлогоо олдог юм байна. Бүх зан заншлаа аль болох язгуур соёлоо бодож хийдэг бололтой. Энэ хурим найр, баяр ёслолоос нь харагдаж байна. Хуучин нутгаа санасан, дурссан дуу ихтэй. “Алтай хангай” гэдэг дуунд,
“Алтай хангайн энгэрт
Атан тэмээгээр буйлууллаа
Аавыгаа гэж бодоход
Алаг нүд минь мэлмэрнэ
Элст Алтайн энгэрт
Ингэн тэмээгээр буйлууллаа
Ээжийгээ гэж бодоход
Эрэвгэр нүд минь мэлмэрнэ” гээд л дуулах юм. Тэд нарт хадаг яндарт боолттой тохой орчим урттай улаан сухай мод байна. Тэр мод бол одоогийн амьдарч байгаа нутагт нь ургадаггүй. Бүр эрт Алтайгаас авч гарсан мод гэнэ. Уг нь их урт байсан гэнэ. Өвчин зовлон ороогоод ирэхээр улаан сухай модноосоо өчүүхэн хэсгийг зороод уухаар бие нь эдгэдэг байж. Олон зуун жил тэгж хэмнэж уусаар одоо тохой орчим л үлдсэн байна. Тэр бол нандигнан хадгалж ирсэн шүтээн нь юм. Тэд бас эмээлээ баруун тийш харуулж тавьдаг.
-Энэ нь ямар учиртай юм бол…
-Алтайн зүг харуулж тавьж байгаа хэрэг юм. Хуучин нутаг ус минь тэнд байгаа шүү гэсэн үг л дээ. Ийм л сонин түүхтэй ард түмэн. Бүгд Галдан хаанаа шүтнэ. Манжид баригдаж түмэн янзын зовлон зүдгүүр амссан ч тэсэж үлдсээр байгаа нь тэдний угийн тэвчээр, эр зоригийн илэрхийлэл. Хөлөнбуйрын Имины өөлдүүд их сайхан том биетэй хүмүүс байна лээ. Бидний оролцсон хурлын үеэр тэд “алтан гэрэгэ” хийжээ. Түүнийгээ Ховогсайрын торгуудуудад дараагийн хурлыг зохион байгуулаарай гэж өгсөн. Өөлдийн 22 овгийн 22 сүрлэг залуу зогсож тэр гэрэгэг магнайдаа хүргээд гар дамжуулахад надад их сонин сэтгэгдэл төрсөн. Бидэнтэй хамт явсан Монголын Өөлд судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Баттулга бол Ховдын Эрдэнэбүрэн сумын өөлд хүн, дээхэн үед сумандаа засаг дарга байсан хүн. Тэр хүн 1994 онд Галданбошигтын 350 жилээр Архангайн Өлзийтийн өөлдүүд дээр очиход нэг дархан хөгшин -“Та нар яасан удаан ирэв. Мянган шар атаа хөтөлж ирээд нүүлгээд явна гэж хэлсэн чинь яалаа” гэж асууж байсан гэдэг. Сая Хөлөнбуйрын өөлдүүд дээр очиход бас нэг хөгшин яг тэр үгийг хуулсан мэт -“Та нар яасан удаан ирдэг юм бэ. Мянган улаан атаа хөтөлж ирээд нүүлгэнэ, буцаад ирнэ гэсэн яалаа” гэж.
-Ямар сонин юм бэ. Энэ нь ямар утгатай үг вэ?
-Тэр тасарч салсан ард түмэн ингэж бие биенээ хүлээн суудаг байна шүү. Тэдний адуу нь гал тамгатай, бог мал нь ганзага имтэй.
Гал тамгатай өөлдүүд
Ганзага имтэй өөлдүүд
Галдан бошигтын өөлдүүд гэдэг яг л тэр хэвээрээ байна шүү дээ. Ховдын Эрдэнэбүрэнгийн өөлдүүд гал тамга, ганзага имтэйг би сайн мэднэ. Ойрадууд Манж гэдэг улсын заналт дайсан болсны шан, манж гэдэг харийн өмхий нарыг эсрэглэн тэмцсны шан хүнд тусжээ. Өөлдүүдийг энд тэнд хуваагдмал, түгжигдмэл байлгах бодлого нь ингэж л ард түмнийг хэцүү хувь тавилантай болгож орхижээ. Гэхдээ л хойчийн үр удамд бахархал төрүүлж, дайчин шалмаг, хурц шударгуу байхыг сануулсан байна.
Тасарсан, хагацсан хэцүү хувь тавилан эдэлсэн ард түмэн байна…
Ойрадаас олзлогдож, боол болж, энд тэнд суусан хүмүүс их бий. Бүгд л өөлд нэрийн дор цацагдсан юм. Дундговь аймагт байдаг хаалга, хаяавчдаа хөх бөсөөр тэмдэг тавьсан хүмүүс бол бас л өөлдүүд. Чухам тэнд хэзээ очиж суусан нь бүү мэд. Дарьганга угсаатныг цахар, халх, өөлдүүд бүрдүүлсэн. Одоо ч овгоо сайн мэднэ. Дарьгангын шүлэгч, зохиолч олон хүмүүс өөрсдийгөө өөлд гэж зарласан байдаг. Энэ мэт Монгол улс, Өвөрмонголоор нэг тэднийг тарааж цацсан.
-Хөлөнбуйрын өөлдүүд ямар ажил төрөлтэй хүмүүс байх юм…
-Малчид. Тэдэн дунд ядуу зүдүү хүн байхгүй. Хамтын хүчээр л бүхнийг босгож бусад угсаатанд муугаа үзүүлэхгүйг хичээсэн бодлогын үр дүн. Бас нэг сонин юм ажиглагдсан нь өөлдүүдийн овоо нь Алтайн 13 сангийн овоо байх юм. Тэрийгээ хүртэл хадгалсан байна. Голд нь нэг том, дөрвөн талд нь гурав гурван жижиг овоотой. Бүх л юмаа хадгалж үлдээхийг хичээсэн, үүх түүхээ сайн мэддэг, түүгээрээ бахархдаг хүмүүс юм байна. Тэд эх сайхан монгол хэлээ эрхэмлэсэн, сайхан ярьдаг хүмүүс. Эх түүхээ ард түмэн мэднэ гэдэг өөрөө өөрийгөө зоригжуулах үндэс болдог ажээ.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
“Өдрийн сонин” №011 (3401) 2010.01.15
