“Чингэл Цагаан голд …” хэдэн эх ингэж хүүгээ хүлээж байгаа бол доо?
“Жолом”
Үргэлжлэл-2
Амьдралын эрээн бараан нүүдэл дунд хувь заяа нь төөрсөн энэ эмгэн эцэг эхийн, нөхөрт гарсаны, хочилж шоолсон гурван нэрээр хорвоог элээж яваа нь энэ. Би Өнөр эмгэнийхээс охиндоо явуулах хуурамч захидлыг нь аваад сумын холбооны салбар дээр очсон юм. Тэнд эмгэний охиндоо олон хүний / голдуу сургуулийн хүүхдүүд/ гараар бичсэн хэдэн захидал хураагдаж байгааг салбарын эрхлэгч надад үзүүлээд:
- Дүлээшэй жилд арав гаруй захидал хүүхэд гуйж бичүүлээд надаар гурав нугалж эвхүүлээд “Чингэл Цагаан голд …” гэж нүүрлүүлж аваад шуудангийн хайрцаганд өөрөө хийдэг юм. Түүнийг хурааж аваад гал ноцоохоос өөр яахав. Энэ хүн үхэтлээ мөн ч олон захидал бичүүлж, олон дэвтрийн хуудас барах байхдаа гээд
- Эмгэн шуудангийн онгоц буух болгонд энд ирж манайхны үйлийг үзнэ дээ. Охиноос минь захидал ирэв үү гэж чөлөө завгүй шална. Тэр нь хэцүү. Галзуу хүнтэй юу ярихав. Шуудангийн баглааг задалж, бүх сонин сэтгүүл захидал бичгийг тарааж дуустал энд хэдэн цаг зогсоод нулимсаа арчаад гардаг юм гэж арга ядсан хүний үг хэлэв.
Өнөр гуайн гаслант амьдралын тухай ээжийн минь хэлсэн дурсамж, үрээ мөрөөдсөн эхийн олон жилийн зовлон шаналалыг би зүрхээрээ хүлээж авахад хүрсэн юм. Өнгөрсөн зууны хориод он хүртэл зуун таван сумын торгууд түмэн Алтайгаас Тэнгэр уул хүртэл уудам их нутагт дур зоргоороо нүүж, сууж, хөөгдөж, туугдаж, баян, ноён, арчиг тарчиг амьдарч жаргаж, зовж байсан гэдэг. Эртний Зүүнгарын хаант улсын энэ их нутаг дэлхий нэгдүгээр дайн хүртэл Алтайн хязгаар, Ховдын хязгаар нэрээр Богд хаант монгол улсад ёс төдий захирагдаж явсныг 1921-1925 онд Баруун монголын Ардын засгийн газрыг гурван яматай байгуулж байснаар гэрчилж болно. Гучаад оноос баруун хязгаарт гурван улсын хилийн дунд хүн ардад учир ухаан нь олдохгүй бужигнаанаар дайн дажин, дээрэм тонуул, айлгалт сүрдүүлгээс болж халх, хасаг, торгууд, чантуу, тагнын урианхай зэрэг олон ястан иргэд төрсөн, ойсон газраасаа дүрвэх, оргох зайлах учир утгаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон юм. Дөчөөд оны дунд хүртэл үргэлжилсэн өвгөдийн хэлдгээр “нутаг эвдэрсэн” энэ үймээнд төр засаг хутгалдаж яах ч учраа олохгүй толгой нь эргэсэн эгэл жирийн нутгийн иргэдийг эх орноосоо урвасан, аль нэг улсын тагнуул гэсэн нэр зүүж олноор нь баривчлах, шоронд хорих, буудан хороох хэрэг гаарч байжээ. Дуурсах нэр нь Өнөр, дуудуулах хоч нь Дүлээшэй болсон энэ хүний азгүй амьдрал тэр үеийн үймээн самууны ужиг нэгэн холбоотой ажээ. Дүлээшэй эмгэн цагтаа нутаг усаа шуугиулсан нүдтэй, шүдтэй, нуруутай, үйлэнд уран үгэнд хурц сайхан хүүхэн явжээ.
Тэр баян Бачхайн ганц охин. Хүний ганц хүнээс онцгой төрдөг юм гэсэн. Түүнийг арван долоо хүрэв үү үгүй юу нутгийн баяд ноёд бэрээ болгоно гэж их инж амалж эцэг эхийг нь амраахаа больжээ. Арван тавдугаар жарны шарагчин хонь жилийн намрын дунд сарын арвандолоонд Бачхайн ганц охин хадамд гарч нутаг доргиосон хурим болж, хадмын Зонхова бурханд мөргөж Өнөр гэсэн нэр авч багийн Орлом нэрээ гээх ёслол хийж, бэр хүргэн хоёр баян хадам эцгийн төхөөрсөн найман өрхтэй гэрийн өрхийг татаж, мөнгөн бүслүүртэй тулганд гал ноцоож, шар тос хөвсөн өтгөн цай чанаж бурхандаа цацал өргөж, хадам эцэг эхээ цайлж гаргаад хоёр талын бэргэд, бэр хүргэн хоёрыг Эрчис мөрнөөс дээжилж авсан модон торхтой халуун усанд оруулж нандин биенд нь хүдрийн заар шингээж, булга торгон хөнжилтэй ор засч, бэрийн онгон бэлхүүс биеийг андгайлсан цаснаас цагаан бурханаас ариун алчуурыг хоёр нугалж орон дээр нь нуруу хасанд нь тааруулан дэвсэж үрийн тарни уншиж байсан тэр агшинда нэгэн хэрэг манджээ.
Ховог сайрын торгуудын арван дөрвөн суманд нэр цуу нь гарч сайн эрийн шинж бүрдсэн их барууны бага зүүний занги Гаажийн дунд хүү Бошигт, Бачхайн хүргэнийг сүрдүүлж, бэргэдийг чарлуулж, голомтыг нь өшиглөөд Өнөрийг булган хөнжилд нь ороож аваад оргуулан алга болжээ.
Цуутай хүүхэн хуримгүй дуутай тэнгэр хургүй гэдэг болж, торгуудын бэр буулгах мянган жилийн ёс жаяг эвдээд усанд хаясан чулуу шиг алга болсон Бошигт, Өнөр хоёр хөтөлгөө морь хөлөглөн 14 сумын нутаг дамжин давхиж хэд хэдэн өртөө алслан олны нүднээс далд, чихнээс хол Чингэл Цагаан голд ирж хар жолом бариад сэвгэр үсээ задалж, чилгэр биеэ дэлгэж жаргал, цэнгэлээ эдэлсэн юм гэдэг.
Өнөр уран гараа гаргаж, баячуудын эхнэр охидод хатдад ч ахадмаар хоргой торгон дээл, давхар ширмэл ултай, найман угалзтай хүрэн булигаар гутал, дөрвөн талдаа зүү ороож өнгө алагласан тоорцог малгай хийж, Бошигт сайн эрийн шийр зааж Хар сайр, Ил тарвагатай, Эрээн хавирга, Цонж орж эд агуурс, Алтайн уул давж, Зүүнгарын цөл гаталж, хурдан жороо морины наймаа хийж хэдэн жил болоход хоёр залуугийн амьдрал тэгширч, эхийгээ өвчиж төрсөн охинтой болж Алиман нэр өгчээ. Алиман хаврын цэцэг шиг түргэн өсч дэгдээд арван зургаан нас хүрэхэд, тостой гар хүргэмгүй, торгоноос өөр юу ч өмсөмгүй сайхан амьтан болжээ. Сайхан төрсөн хүүхэнд жаргал ирдэггүй гэдэг билүү.
Бошигтынх хүнээс дутахгүй сайхан айл Алиман сайхан хүүхэн болж байсан энэ цаг үе 1930-1931 он. Түүхэн эх сурвалжид энэ хоёр жилд Чүлтэм да лам тэргүүтэй урианхай, хошуу захирагч Пагма ахалсан торгууд, домч лам Нансал тэргүүтэй захчин, тайж Баянбайн удирдсан хасаг, нийт гурван мянга есөн зуун өрхийн, арван гурван түмэн таван зуун дөчин хүн хил давж оргон зайлах үймээн гарч бас хажуугаар нь дайны хаажуугаар дажин гэгч болж хүйтэн халуун зэвсэгтэй хэсэг, бүлэг дээрэмчид гарч хилийн цэргийн дарга нарын эрх дарх гаарч байсан түүхэн зурвасхан эгзэгтэй цаг үе байсан юм. Энэ хөл толгойгү үймээн Бошигтын гурван ам бүлийг алгассангүй. Байж суухын аргагүй болсон гурав амар тайван амьдрал хайж, гурван атанд жолом эд хогшлоо ачаад, таван азрага адуунаасаа сайныг нь шилж унаад бод шийр нийлсэн хоёр зуугаад малаа сорчилж туугаад дөрвөн шөнө нүүж, гурван өдөр нуугдаж морьтноос айж бутнаас бултаж явсаар Булган голд орохын даваанд Хар балчигийн харгана дотор хилийн дээрэмчидтэй халз тулгарч Өнөр хүүхэн эр нөхрөө алуулж, охиноо булаалгаад ухаантай ухаангйү Булган голд ирсэн гэдэг. Мал эд хогшлыг нь дээрэмдсэн оргодлууд Алиман охины гоо сайханд нүдээ өгч жоломыг нь хоёр атанд ачиж, унах морь хэдэн шийр малтай эхийг нь тавьж явуулахад охин нь “Ээж минь жоломноосоо битгий салаарай. Би гэрийнхээ бараанаар таныгаа олж очино” гэж хэлээд хоцорсон гэлцэнэ. “Жоломноосоо битгий салаарай” гэсэн охиных нь цангинасан дуу Дүлээшэй эмгэний дүлий чихэнд дөчин жил цангинсаар өдий хүрч хоосон юм сонсдог, хий юм хардаг сэтгэлийн гаслан өвчтэй болжээ. Ингээд орон гаран ухаантай болсон Өнөр эмгэн эр нөхрийнхөө төхөөрч, охиныхоо захиж үлдээсэн хар жоломноосоо хагацах ухаанаа алдалгүй өдий хүрсэн эмгэнэлт амьдрал нь бөхөж л явж дээ.
Би сумын холбооны хүнтэй найрч Өнөр эмгэнд жилд хоёр удаа охиных нь нэрээр захиа бичиж эмгэний хатсан сэтгэлийг дэвтээх, хуулиар бол гэмт хэргийн боловч хүнлэг чанарын гэрэл ассан нүгэлтэй бөгөөд буянтай арга олсондоо баярлаж, бас бухимдаж хэдэн жил боллоо. Өнөр эмгэн насны хэрээр долоон ямаагаа сааж, хар жоломоо авч явж чадахаа байгаад Ховд аймгийн асрамжийн газар хүргэгдсэн юм. Өнөр гуай асрамжийн газар хүргүүлэх өдрөө аав ээж хоёрыг дуудаж, аман захиас хэлжээ.
- Хар жоломыг минь битгий буулгаарай. Охин маань гэрээ таньж ирэх цаг нь болж байгаа. Түүний намайг эзгүйд ирэхэд өмсгөөрэй гэж идэр насандаа гараа гаргаж, хатан хийцээр оёсон хамба торгон ууж, шүр хэлхэж, зүү ороож, зээгт наамал урласан торгууд тоорцогийг авдраасаа гаргаж цагаан дарь эх бурхантайгаа хамт өгчээ. Тэгээд эмгэн хэвтээ орон дээрээ ээжээр түшүүлэн өндийгөөд ганц аяга цай ууж, хөлс цутгаад:
- Би охинтойгоо уулзаж ганц үг солихгүйгээр нүд анихгүй гэж андгайлсан гэдэг юм.
Өнөр гуай аймгийн асрамжийн газар очоод хэдэн сар болж нас, бие,сэтгэлийн танагт тулж, өндийх тэнхэлгүй болж үхлээ хүлээж байхад эхнэр бид хоёр ганцхан зорилгоор эргэж очсон юм. Энэ бол Өнөр эмгэнийг, Алиман охинтой нь анхны бөгөөд сүүлчийн удаа уулзуулж, нүд анихад нь туслах арга ядсан нүгэлт арга байлаа. Би нэгд, Өнөр эмгэний зовлонг нимгэлж байна гэж өрөвч сэтгэл гаргаад эцэст нь нөхөж болзошгүй алдаа хийж, хоёрт, би эмч хүн. Хүний зовлонг дуусгах эцсийн мөчид нь цэг тавьж өгөх ёстой. Эмч хүний өрөөлийн зовлонг босгох, дуусгах хоёр тавилангаар, буян нүгэлийн хоёр хэрээсээр эгээрмой. Эмгэний идэр залуу насандаа урласан ууж, тоорцогийг өмссөн манай эхнэрийг Өнөр гуай ширгэж хонхойгоод далд орсон ухархайн дундаас унтарч байгаа хүжийн гэрэл ялтас шиг сүүмэлзэх болор нь цайж бөхсөн нүдээр баримжаалж, “охиныхоо” тоорцог, уужны захыг тэмтэрч үзээд өөрийнхөө гарын урыг таньж “охин минь” гэж гүн сүүрс алдаад ганцхан дусал нулимс унагаж цагаан дарь эх бурхнаас “үрийнхээ” гараас адис аваад амсхийх шиг болж, тамир тасарсан хүйтэн гараараа манай эхнэрийн гарыг духан дээрээ авч билээ. Наян тавны жил орж байсан энэ шаналгаат эх хагас зуун жил цээжин дотроо гансарч нулимсаан барьж явахдаа, охиндоо үзүүлэх сүүлчийн ганц дуслыг хуурайшиж эвэршээд ширгэж байгаа нүднийхээ гандсан ухархайн хаана нь нууж үлдээсэн юм бол доо.
Шимэгдэн үл дуусах өтлөхийн далай
Шингэрч үл дуусах үхэхийн далай
Өнөр нэртэй Дүлээшэй эмгэнийг цалигиулан, бялхуулан авч одсон нь энэ. Ингэж хар жолом, дүлий эмгэн хоёрын энэлэл, шаналал эргэж үл дуусах гачлант орчлонгоос хагацсан юм. Үртэй хүний гол хоёр тасардагийг энэ мөчид мэдэрч Дүлээшэй эмгэний баяр, гунигийн дутуу үлдээсэн нулимсыг гүйцээж зогсох хувь таилан надад тохиосон юм даа.
“Тод номын гэрэл төв” ред. На.Сүхбаатар. 2007 он. УБ хот.
