Жолом

Жолом

Ц.Мухар гуай хэдэн жилийн өмнө “Дөрвөн Ойрадын гурван нутгаар” түүх, уранзохиолын хосолмол шинжтэй бүтээл гаргасан юм. Тэр бүтээлд Халимаг, Шинжаан, Ховдын хязгаарын ойрадуудын тухай өгүүлсэн бөгөөд нэг хэсэг Ойрад үндэсний сэхээтнүүдийн гар дамжуулан уншдаг ном байлаа. Энэ дугаарт түүний бичсэн “АМЬ” (өгүүллэг, туурь, тууж). УБ., 2006 номонд орсон “Жолом” өгүүллэгийг хэвлүүлж байна. Ачтан-Элит клиник эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Мухар танд бичиж туурвих үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе. Цүрэмийн Мухар Монгол улсын гавьяат эмч, зохиолч Манай нутагт одоогоос тавь жаран жилийн өмнө Жолом хэмээх гэртэй айл цөөнгүй байжээ. Манайх ч гэсэн цагтаа ийм сууцтай байсан юм гэсэн. Манай нутаг Алтайн цаадахь Булган голын сав газар. Одоо сонин хэвлэлд алтайн өвөр говь гэж бичих болж. Уг нь уул хадтай алтай, ус модтой хангай, заг харганатай говь, таана сэнгэнэсэн талтай нутаг юмсан. Хавар эрт, намар орой болдгоороо хадлан тариалан, ногоо цагаа элбэгтэй ээлтэй газар. Булган голд жоломтой төстэй дэглэй, хатгуур хавчаахай гэж хэлдэг оромж бас бий. Манайхан Булган голдоо хаваржиж намаржина. Өвөлд Байтаг богд хүрнэ. Зун болохоор Алтайн нуруу өгсөж, Ендэрт, Төмөрт, Туулайт, Сөнхлийн зусланд хүрч уулын хяр, боргиж шуугисан ширүүн урсгалтай гол, цасны хөл дагаж зусна. Өвөлжөө намаржаа, зусландаа хүрэх гэж гурав, дөрвөн өдөрчийн газар тэмээгээ ачаалж малаа тууж, үдэлж, хонож нүүнэ. Ийм урт нүүдэл гэрийн цээжээр унь холбож хатгуур, тооно босгож дэгдэй, хоёр хана нийлүүлж хавчаахай нэртэй хош оромж босгож дээвэр, туурга нөмөргөж үд дундын халуунд сүүдэр, бороо салхинд нөмөр болгоно. Холын нүүдэлд үхэгт суусан хүүхдүүд атан тэмээний алхаанд бүүвэйлэгдэн унтаж, тусад орсон нь морь унаж сурч байгаа хүүхдийн хоёр ташаанд нь хавчуургатай тоонолжин, жижиг бүүргэтэй эмээл тохож шийр мал тууна. Хүүхдийн ийм эмээлийг эрмээлж гэдэг. Манай нутагт манцуйтай хүүхдийг цанх /морины өлгий/ гэдэг шээсний цорготой модон өлгийгөөр эмээлийн бүүрэгт бэхэлж морин дээр дүүрч эхчүүд нүүдэл дагадаг. Ингэж цанх, үхэг, эрмээлж гурвын дунд ирээдүйн эрүүл чийрэг нүүдэлчид бойждог байжээ. Жолом гэдэг бол гурван алд хэрийн гуч дөчин уньтай, бургас матаж хийсэн цагираг тоонотой, тотгоны уньтай хаалган дээрээ эсгий үүд унжуулсан эсгий бүрээстэй босоо гэр. Жолом ойрад гарлын үг. Босоо шовгор гэсэн, бас тачир тартагийг цаагуураа ёгтолсон утгатай. Хүн төрөлхтөн бий болсон эхэн үедээ байгалийн бэлэн хад агуйд хад хорогдож байснаа ан амьтны нүүдэл, бэлчээр дагаж нүүх замдаа гал гаргаж нүхэн овоохой гэртэй болсон гэдэг.  Жолом бол овоохой гэрийн үргэлжлэл байх. Барих буулгахад хялбар, нүүж суухад хөнгөн ийм гэр Баруун монголын их нүүдэлч Ойрад түмний ахуйд тохирсон оромж байж дээ. Манайхан хатгуур дэглэй, хавчаахайг нүүдлийн хош болгон одоо ч гэсэн өргөн хэрэглэгддэг. Харин жолом бол ядуу айлын жилийн дөрвөн улиралд толгой хорогддог ээлтэй сууц байсан ажээ. Төв халхчууд нутаг нь баян, хол нүүдэггүй тайван аж төрдөг. Зүүн монголд бүхээгтэй тэмээн тэрэг, чингэлгээр ойр зуур нүүнэ. Тийм учраас төв монголчууд жоломыг мэдэхгүй, хааяа урц жодгор хэрэглэх нь бий. Жолом гэрийн тухай онцолж хэлдгийн учир бол далаад оны дунд хүртэл манай нутагт байсан сүүлчийн жолом, түүний эзний тухай нэгэн дурсамж өгүүлэх гэсэн юм. Тэр жил би Анагаахын сургуулийн оюутан Ховд аймгийн эмнэлэгт зуны дадлагын хичээл хийчхээд нутагтаа амрахаар ирлээ. Өвгөчүүл эмэгчүүл голдуу цөөхөн хүмүүс надад үзүүлж ойр зуурын эм авна. Тэд намайг удам тохмоор нь хэлэлцэж, авга талд нь Айдаа гэлэн гэж сайн домч лам байсан гэж тооно. Манайхаас саахалт хэрийн газар долоон улаан ямаатай Дүлээшэй гэдэг хар жоломтой ганц бие эмгэн байлаа. Энэ бол манай Булган голын сүүлчийн жолом. Угсаатны музейд тавих юмсан гэж би энэ сууцыг сониурчирхана. Нэг өдөр атга дүүрэн хурс /түүхий сүүний буцалсан аарцыг шүүж хийсэн аягын чинээ том ааруул/ нэг гартаа, нөгөө гартаа домботой нэрмэл архи барьсаар Дүлээшэй эмгэн манайд ирлээ. Манайх уул нь Хоржийн зусланд зусдаг айл. Тэр жил аав ээж хоёр маань цөөхөн малаа голын шумуулаас холдуулж нагацийн сүрэг дагуулж зусланд гаргаад намайг хүлээж голд / Булган голд зусахыг ингэж хэлнэ/ зусаад сааль муутай байлаа. Дүлээшэй эмгэн хоёр хоноод нэг домбо сүү, заримдаа ямааны айрагын нэрмэл, хурстай ирдэг юмсанж. Ээж эмгэний саалийн саванд тараг гурил, аяга тутрага сөг шар будааг хийж хоёр айл бие биенийхээ дутууг нөхдөг байж. Нөгөө талаар голд айл ховор ганц бие Дүлээшэй эмгэнд орж гарч цаг нөхцөөдөг айл цөөрч, манай ээжтэй хамт цайлж яриа өдөх дуртай. Дүлээшэй эмгэн дүлий. Тэгсэн атлаа үгсэг. Ихэнхийг нь эмгэн ярьж, ээж үе үе чихэнд нь хоёр гараа тулгаж гэр дүүрэн хашигарч байж хариу барина. Ээж: “Дүлээшэй бид хоёрын хүүндэх /хууч хөөрөх/ гэж эзгүй талд төөрсөн эрэлчин шиг болох юм. Таг дүлий байтлаа үгэнд дуртай” гэж төвөгшөөх мэт боловч эмгэнээр дээл эсгүүлж, оёулж урныг нь магтана. Тэр нэг өдөр Дүлээшэй гуай надад бие үзүүлж, ганц тун эм авч билээ. Маргааш нь (уг өнөөдөр нь ирэх ёстой) эмгэн баярлачихсан домбо сүүтэй орж ирээд зүүн хөлөө богчилж суугаад ээжийд хэлж байна. -           Чиний хөвгүүн сайн домч жиг /юм байна/ өгсөн тангий нь аршаалаад толгой эргэлгүй сайхан унтаж хонолоо. Танай хөвгүүн охинд маань захидал бичиж өгөх болов уу? гэж царай алдангуй хэлэв. – Дүлээшэй ухаан нь орон гаран явдаг хүн. Нөхрөө үхүүлж, охиноо сураггүй алдсанаас хойш ийм болсон хүн. Санаанд нь таарсан хүн олдохоор охинд минь захидал бичиж өг гэж яршиг уддаг. Энэ бичиг мэдэх биш. Гуч гаран жил сураггүй болсон охин нь хаа яваа юм билээ. Миний хүү ганц хуудас юм эрээчээд өгчих. Сэтэгл нь тавигдаж, санаа нь амраг зайлуул гэж билээ. Манай нутгийн зуун жилийн дутмаг амьдралын гэрч болсон хар жоломтой, ухаан солиотой гэж ад үзэгдсэн ганц бие энэ эмгэний гэрт нь сэжиг, айдас төрж хүн ордоггүй, амьдралдаа эмчид үзүүлж, эм ууж үзээгүй ч байж мэднэ. Тэгээд чиг миний богцны ёроолд үлдсэн нэг тун эм итгэл, сүсгээр тус болсон байх. Намайг сурагч дэвтэрийн гол хуудасны талд том үсгээр хичээж бичсэн цөөхөн үгтэй захидал өгөхөд Дүлээшэй эмгэн: -          Миний хөвүүн захидлын толгойд “Чингэл, Цагаан гол суугаа охин Өнөрийн Алиманд” гэж бичээрэй гээд санаа алдав. Би эрээн хөвөөтэй дугтуйнд захидлыг нь хийж хаяглаад нааж өгөв. Эмгэн захидлыг эргүүлж тойруулж үзэж хачирхаад: - Миний охинд ийм сайхан даалинтай захидал хэн ч бичиж өгөөгүй. Үүнийг аваад охин минь ээжтэйгээ харгалдан /уулзсан/ юм шиг баярлана. Хөвгүүн чамд гялаалаа гээд захидлаа өвөртөө хийж дарж үзсээр манай гэрийн босгонд нэг тээглэж, ээжийг уулга алдуулж гүйх шахам гарч одлоо. Ээж араас нь хашгарсан боловч арга ядаад: -          Цаад дүлий годил чинь аяга будаагаа ч авалгүй хөлд нь хий орж хөөрөөд алга боллоо гээд тогоо шанаганы тавиураа хангир жингэр уудлав. Би Дүлээшэй эмгэний аяганы хариу нэг том савал /үндсэн аяга/ гурил, домбонд тутрага хийж гэрт нь оруулж өглөө. Намайг хараад эмгэн учиргүй баярлаж: -          Яасан буян нь дэлгэрсэн хөвүүн бэ чи. Миний хар жоломны босго алхдаг хүн байхгүй. Намайг тоож орж ирсэнд чинь бэлэгшээж байна. Чиний бичсэн захидлыг аваад охин минь ирэх юм байна. Чи зам мөрийг нь гаргаж өглөө гэж эмгэн тангад тарни уншиж жоломынхоо хойморт залсан цагаан дарь эх бурхандаа сөгдөн залбирлаа. Жоломын доторхыг гүйлгээд нэг харвал цэвэр цэмцгэр. Нутгийн айлуудад тэр болгон байдаггүй нэг тэн ачааны овортой хуучны хийцийн нимгэн төмрөөр буландаж нүүрлэсэн чан авдар дээр мухар сөөм хэрийн гуутай цагаан дарь эх бурхан баруун талдаа гурван хэрмэл ширдэг давхарласан хэвтээ ор, хөлийн авдар. Орон дээр хоёр түүдгэндээ үүдэн хээ ороосон хөх даалимбаар гадарласан дэр тавьж, дотортой, хөвөнтэй, гурван дээл цэмцийтэл хураажээ. Орных нь хөл дээр элдсэн янгирын арьс нэг нугалж тавьсан харагдана. Жоломын зүүн хаяанд тавиур дээр дөрвөн чихтэй жижиг ширмэн тогоо, галын авдар, модон тагш, савал тэргүүтнийг эвтэйхэн өржээ. Гурван хөлтэй жижиг сагсаг тулган дээр бага гарын цагаан тогоог зйүмэл модон халиваар тагласан, галын өрөн дээр бага, дунд гарын хоёр домбо, давхарлаж хөмөрсөн шаазан байна. Гаднаас нь харахад багахан, нөхөөстэй эсгий нь шаралж харалсан жоломны дотор тавиухан харагдах нь байгаа юм болгон нь эмх цэгцтэйн шинж. Энэ бүхнийг эмч болох хүний нүдээр харвал нэгийг илтгэнэ. Сэтгэлийн хий, сэрэл, гутрал өвчтэй хүн, гайхмаар нямбай, цэвэрч хямгач байдгийг номноос уншсанаа Дүлээшэй эмгэний гэрээс олж харсан юм би. Ээжийн хэлснээр олоны хочилж, дүлий гэдгийг нь дайруулж өгсөн Дүлээшэй нэрийг эзэн нь өөрөө мэддэггүй. Гэтэл хадмын босго давж ёсолж авсан Өнөр, эцэг эхийн өгснө Орлом нэрийг Дүлээшэй эмгэнээс өөр хэн ч бас мэддэггүй ажээ. Торгуудын заншлаар эцэг эхийн өгсөн нэрийг сэвгэр насыг дуусгаж орхиод, хадамд гарч айлын хүн болоод шинэ нэр авдаг ёсон байжээ. Бэр гуйхад “Манцуйтай байхад танайх байлаа. Магнаг өмсгөөд манайх авъя” гэж хэлдэг үг, есөн цагаан инж / есөн цагаан тайлагт ачсан/ өргөдөг, эцэг эхээс өгсөн нэрийг сольж өөрийн хүүхэд болгон шинэ нэр өгдөг эртний хүндтэй боловч хатуу ёс жаяг манай нутагт байжээ. “Чулуу шидсэн талдаа. Хүүхэн очсон талдаа” гэсэн Ойрадын цэцэн үг халх ёсонд их хатуу сонсогддог.

Үргэлжлэл бий.

“Тод номын гэрэл төв” ред. На.Сүхбаатар. 2007 он. УБ хот.