Халимагт зорчсон тэмдэглэл 1-р хэсэг
Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг Улсын талаар ер нь их сонирхдог бөгөөд Монголчуудаас дээхэн үед тасарсан хүмүүс болхоор цаашлаад явж үзэхсэн гэж боддог байв. Ингээд саяхан энэ Улсын талаар “Google” хайлтаас хайж үзэж байгаад нэг хүний блог руу яваад оров. Тэгтэл блогийн эзэн маань “Халимаг” руу аялсанаа блогтоо оруулсан байсан нь үнэхээр гоё санагдаж түүний бүх нийтлэлийг дуртай нь аргагүй уншиж миний дотор байсан “Халимагт” зочлох хүсэлийг улам бадраагаад өглөө.
Халимагт зорчсон тэмдэглэл: 1. Замд гарахын өмнө
Өнгөрсөн долоо хоногт Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотоор аялаад ирлээ. Өмнө нь Халимаг гэдэг үгийг сонсож байсан ч тэдний тухай цэгцтэй ойлголт огт байсангүй. Харин оюутан болсон хойноо л халимагуудын талаар бага сага мэддэг болсон. Сүүлийн үед Халимагт очиж үзэх хүсэлд автав. Тэнд очих таатай нөхцөл боломж өнгөрсөн долоо хоногт бүрдэхээр нь ухас хийгээд ирлээ. Гэхдээ сэтгэлийн хөөрөлдөө автаж Халимаг руу гэнэтхэн явсангүй ээ. Халимаг орныг зорих аялалдаа гарахаасаа өмнө чадах чинээгээрээ аялалын бэлтгэл хийлээ.
Эхний ээлжинд Халимагийн түүх, өнөөгийн байдлын талаар ном, сонин, сэтгүүл, интернэт ухаж үзлээ. ОХУ-ын өмнө хэсэгт, Каспийн тэнгисийн хөвөөнөөс холгүйхэн тэгш тал газар аж төрж байгаа Халимагууд бол монгол угсааны дүрвэд [дөрвөд], торгууд ястанууд. Одоогоос бараг 500 жилийн өмнө тэдний овог дээдэс өнөөгийн Монгол Улсын баруун хэсэгт аж төрж байгаад баруун тийш нүүдэллэн явжээ. Халимагууд өнөөгийн Казахстан, Киргизийн өндөр уулс, өргөн талыг туулж замдаа их л зүдэрч байж Каспийн тэнгисийн эрэг, Оросын Волга мөрний орчимд суурьшсан юм байна Волга мөрнөөс Каспийн тэнгис хүртэлх нутгийн газар зүйн тогтоц, байгаль нь төв Азийн цээжинд байдаг төрөлх Монгол нутагтай нь төстэй байсан тул Халимагууд урт удаан нүүдлээ өндөрлөж, энд гэр ачаагаа буулгаж, мал сүргээ хотлуулсан бололтой. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэж ардын зүйр үг байдаг даа. Төрсөн нутгаа орхиж, харь оронд дасаж идээших гэж Халимагууд нэлээн зовжээ, хөөрхийс.
Монголоос гарч явахдаа казах, киргиз, ной, дагестан, оростай таарч, дээрэмдүүлж, тонуулж, алуулж хядуулжээ. Аж төрөх, амьдралын орон зай, байр сууриа эзлэн авахын тулд Халимагууд нутгийн уугуул үндэстэнүүдтэй эвлэрэх
цагтаа эвлэрч, байлдах үедээ байлдсаар ямар ч гэсэн гэсэн өөрсдийн төрт улсаа байгуулж, эзэн хаан хүртэл сонгож байж. Гэвч аажимдаа сүр хүч нь буурсаар Оросын эзэнт гүрний харъяанд оржээ. 1917 онд Оросууд эзэн хааныхаа
гэр бүлийг өнөөгийн Екатеринбург хотын орчимд ой модонд хороож, Октябрийн хувьсгал ялж байх үед Халимагууд оросын коммунистуудыг дэмжиж, хаант засгаа түлхэн унагаасанд нь талархал дэвшүүлж байжээ. Үүний хариуд Оросын
коммунистууд Халимагийн өөртөө засах мужийг 1917 онд байгуулах шийдвэр гаргасан байна. Дараа нь 1935 онд Халимагийн өөртөө засах мужийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс гэж зарлав. Халимагууд
тусгаар тогтносон бүрэн эрхэт улс байгуулж чадаагүй ч, автономит эрхтэй улс болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, тодорхой шалтгааны улмаас ЗХУ-ын удирдагч нар Халимагийн автономит улсыг хүчээр татан буулгаж,
Халимаг үндэстнүүдийг Сибирь, Дундад Ази, Дагестан, Казахстан, Оросын Алтайн хязгаар руу цөлсөн байна. 1958 онд ЗХУ-ын удирдагч нар Халимагийн автономит улсыг сэргээн байгуулжээ. Цөллөгт явуулсан хүмүүс, тэдний
үр хүүхдүүдийг Волга мөрнөөс, Каспийн тэнгис хүртэлх тал нутагт нь эргэж ирэхийг нь зөвшөөрчээ. 1980-аад оны сүүлээр ЗХУ задарсан ч Халимагийн статус нь олигтой өөрчлөгдөөгүй. Сүүлийн хорь гаруй жил “ОХУ-ын Бүгд
Найрамдах Халимаг Улс” гэж албан ёсоор нэрлэдэж байна. Халимагийн түүхийг товчхон дурьдахад нэг иймэрхүү.
Халимгийн тухай материал цуглуулах явцдаа Wikipedia-ийн орос хувилбараас нь Халимагийн тухай ерөнхий
мэдээлэл авч монгол хэл рүү орчуулж, Wikipedia-ийн монгол хувилбар руу оруулсан. Ямар ч байсан Wikipedia-ийн монгол хувилбарыг хөгжүүлэхэд би өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан шүү гэдгээ энд завшааныг ашиглаад
зарлая. (жаахан онгирчихлоо) Сонирхсон хүмүүс Халимагийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэлээр эндээс уншаарай.
Халимаг руу явахын өмнө дан ганц түүх, ерөнхий мэдээлэл унших нь хангалтгүй байлаа. Халимагийн нийслэл Элстэй [Элиста] хот руу ямар унаагаар очих вэ? Очоод ямар зочид буудалд хоноглох вэ? Халимаг руу түрүүвчиндээ хичнээн
рубльтэй байвал болох вэ? Элстэй хотод нүд баясгахаар сонин содон юм юу байна вэ? гээд асуулт зөндөө ундарч гарч ирж байна аа. Юуны түрүүнд Элстэй хот руу ямар унаагаар очиж болохыг судаллаа. Москвагаас Элистэй
руу долоо хоногт хоёр удаа Оросын РУСЛАЙН гэдэг иргэний агаарын тээврийн компани нислэг үйлддэг юм байна. Тасалбарын үнэ нь нэг талдаа 8500 рубль. Над шиг үүргэвчтэй аялал хийх гэж байгаа ядуу оюутанд бол дэндүү
ахадсан үнэ. Ингээд Элстэй руу галт тэргээр очиж болох эсэхийг судаллаа. Харамсалтай нь 2004 оноос хойш Москва-Элстэй чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахаа болисон юм байна. Москвагаас Волгоград
хот руу галт тэргээр хүрч, тэндээсээ Элстэй орох машин, эсвэл автобусанд дамжин суух өөр нэг хувилбар байдаг. Олон унаа сэлгэх нь цаг алдахаас эхлээд, ер нь түвэгтэй санагдав. Москва-Элстэй хотуудын хооронд том
оврын автобус явдаг юм байна. Тасалбарын үнэ ханш нь ч боломжийн юмаа. За ингээд би Элстэй руу автобусаар л явах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрлээ.
Элстэйд очоод гудамжинд хонолтой биш. Цаг агаарын урьдчилсан
мэдээ харсан 10 сарын сүүлийн долоо хоногт өдөртөө +5 шөнөдөө -3 хэм. За ингээд Элстэйд ямар зочид буудал байдгийг интернэтээр хайж үзлээ. Элстэй хотын зочид буудалд бууж байсан хүмүүсийн сэтгэгдэлээ бичиж үлдээсэн
форумыг хүртэл санаандгүй олж уншлаа. Элстэй хотод байдаг зочид буудлуудаас хамгийн эртнийх нь “Элиста” hotel. Гэвч “Элиста” зочид буудалд хоноглож байсан хүмүүсийн ихэнх нь тус буудал бохир заваан, үйлчилгээ тааруухан
гэж муулжээ. “Сити чесс” хотхоны зочид буудал үйлчилгээ сайтай боловч үнэ нь өндөр юм. Өөр хэд хэдэн зочид буудал, бас үнэ ханшын тухай олж уншив. Гэсэн ч Элстэй хотод ямар зочид буудалд хоноглохоо шийдэж чадсангүй
ээ.
Элстэй хотод үзэх харахаар юу байна гэдгийг нь бол түвэггүй олж мэдлээ. Бас Халимаг руу аялахад хэдий хэмжээний зардал хэрэгтэйг ч барагцаалаад тооцооллоо. Ингээд Халимаг руу ямар хугацаагаа л товлох үлдэв. Очоод тэнд хэд хоноод эргэж ирэх вэ? гэдгээ ч бас товлолоо.
2011 оны 10 сарын 27 [пүрэв гариг]. Элстэй руу явах автобус зогсдог нэгэн автовокзалыг зорив. Хэдэн цагт автобус хөдөлдөгийг нь интернэтээс урьдчилаад мэдсэн тул цагийг нь дөхүүлээд автовокзал дээр очлоо. Москва-Элиста гэсэн хаягтай автобус руу Халимагууд, цөөн хэдэн оросууд орж суудлаа эзлэж тухлахыг харав. Автобусны дэргэд давхраатай алаг нүдтэй, царайлаг ази залуу зогсож байхаар нь дөхөж очоод:
-Чи Халимаг уу? гэж асуув. Өнөө залуу надад “Тийм” гэж хариуллаа. Элстэй руу автобус хэдэн цаг явж байж хүрдэг вэ? Автобус замдаа зогсдог уу? Би Элстэй руу явах гэсэн юм. Зөвлөгөө өгөөч гэлээ. Автобус ойролцоогоор
19 цаг явж байж Элстэй хотод хүрнэ. Замдаа дөрвөн удаа зогсдог. Замын зогсоол дээр идэж уух зүйлийн үнэ өндөр тул замдаа идэх хүнсээ Москвад байхдаа зэхсэн нь дээр. Элстэй хотод оройн цагаар гадуур явах нь осолтой
гэж надад хэлэв. Асуулт болгонд дэлгэрэнгүй хариулт өгсөн тэр Москвагийн нэгэн их сургуулийн 2-р дамжааны оюутан гэж өөрийнхөө талаар ч надад ярьсан юм.
Зөвлөгөө өгсөн халимаг оюутанд баярллаа, замдаа сайн
яваарай гэж ерөөгөөд автовокзалын касс орж Элстэй орох автобусны тасалбар хэдэн рубль байгааг тодруулав. Москва-Элиста чиглэлийн хот хоорондын автобусны тасалбарын үнэ нь интернэтэд бичсэнээс ялимгүй илүү үнээр
зарагдаж байлаа. Интернэтэд автобусны үнэ 1500 рубль гэж байсан юм. Тасалбарын үнэ 100 рублиэр нэмэгджээ. Интернэт сайтад байгаа мэдээлэл хоцрогдсон байжээ гэж би бодож амжив.
2011 оны 10 сарын 28 [баасан гариг]. Өглөө, өдөр нь хөөцөлдөх ажлаа амжуулаад, нар жаргахтай зэрэгцээд үүргэвчиндээ авч явах юмаа цуглуулав. Солих хувцас, хоолны хордлого, толгой өвдөх үед уух эм, идэвхижүүлсэн нүүрс, хурууны боолт гэх мэтийн ойр зуурын юм үүргэвчиндээ хамаад хийчихлээ. Мэдээж аялалд явах гэж байгаа хүн зургийн аппаратаа мартаж болохгүй. За ингээд автовокзалын касснаас тасалбар авч Элстэй хүрэх хот хоорондын автобусанд суудлаа эзлэв.