Б.Буянчуулган “Өөлд олноор тэмцсэн бүлэг” хэвлэгдэн гарлаа

Б.Буянчуулган “Өөлд олноор тэмцсэн бүлэг” хэвлэгдэн гарлаа

“Өөлд олноор тэмцсэн бүлэг” хэмээх сурвалж нь манай ахмад түүхч Б.Буянчуулганы 1935 онд бичсэн “Дөрвөн Өөлдийн түүх” зохиолын нэг бүлэг юм. Бид 2007 онд Б.Буянчуулганы бичсэн “Монголын Өөлдийн түүх” хэмээх сурвалжийн шинж чанартай 7 бүлэг бүхий зохиолын эхний 6 бүлгийг хэвлүүлж байсан бол энэ удаа үлдсэн нэг бүлэг болох “Өөлд олноор тэмцсэн бүлэг” зохиолыг хэвлүүлж байна. Тус сурвалж зохиол нь урьд өмнө хэвлэгдэж нийтлэгдэж байгаагүй бөгөөд анх удаа кирилл үсэгт буун олны хүртээл болж байна. Тус зохиолд 1758-1761 оны үеийн Ойрадын түүх гарах бөгөөд Манж нар Ойрадуудыг хэрхэн эзлэн авсан, алж хядсан, тархаан суулгасан, хэрхэн баримтлан захирсан тухай он цаг, тоо баримттайгаар өгүүлсэн сонирхолтой мэдээнүүд гарах болно. Тус бүтээлийг нягтлан зөвлөсөн Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар болон, цувралдаа багтаан хэвлүүлж буй “Тод номын гэрэл төв”-ийн хамт олон талархснаа илэрхийлэе.
Д.Баярсайхан