Ховд гол

Ховд гол

Ховд гол нь Монгол Алтайн тэргүүн оргил мөнх цаст Таван Богдоос эх авч 593 км урсаад Ховд аймгийн Хар-Ус нууранд цутгадаг. Тус голын үндсэн цутгалууд нь Цагаан, Сагсай, Буянт гол юм. Ховд голын эхийг Цагаан ховд, Хар Ховд голыг Ховдын эх гэж үздэг. Энэ хоёр гол Хотон, Хоргон нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Ховд голын урт 516 километр, ус хуралдуулах савын талбай 58000 хавтгай дөрвөлжин километр болно. Усны унал километр тутамд ойролцоогоор 2 метр тул урсгалын хурд их юм.
Гол эхэн хэсэгтээ тэвшин хэлбэртэй хөндий дундуур эрт эдүүгээгийн мөсдөлийн морены хурдсанд хаагдаж тогтсон том жижиг олон нуур дамжин урсана. Ер нь Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хоргон, Ачит гэх мэтийн том нурууд илүүдэл усаа Ховд голд нийлүүлдэг байна. Үүний хамт Алтайн хур цас мөсөн голуудаас эх авч урсах Цагаан, Согоо, Сагсай, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр, Буянт зэрэг голууд түүнд цутгана. Үүний үрээр Ховд голын усны сүлжээний нягт Өлгийд 0,109 км/км2 (2500 гаруй километр), Баяннуур сумын дэргэд 0,098 км/км2 болдог ба го-лын нийт урт 4100 километр орчим ажээ. Иймд Ховд гол усны сүлжээний нягтшилын хувьд зөвхөн Төв Азийн гадагш гарах урсгалгүй савд төдийгүй монголын бусад голууд дотор дээгүүр орно.

Алтайн сүрлэг уулсын ам хавцал бүрээс усждаг дээрх голуудад борооны ус үндсэн тэжээл нь болох боловч хур цас, мөсөн гол, гүний ус багагүй нэмэр хандив болдог байна. Жилийн бүх тэжээлийн 25-40%-ийг зун намрын борооны ус эзлэх учраас урсцын улирлын хувиарилалт нилээд жигд, ялангуяа хаврын шар усны үерийн дараах урсцын гажиг үед усны түвшин, зарцуулга төдий л буурдаггүй бөгөөд энэ үед хур цас, мөсөн гол хайлж мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Ховд гол 10-р сард хөлдөж 4-р сарын шувтаргаар хайлж цэлмэдэг бол цутгал голуудын олонхи ёроолгүй хөлддөг байна. Урсгалын хурд их учраас усны булингар жилийн аль ч улиралд харьцангуй их байна Иймээс голын адагт асар том садраа адаг үүсдэг ажээ.