“Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл /Г.Аким/

“Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл /Г.Аким/

Мөнх цасан эхтэй

Мөлгөр чулуун оргилтой

Өргөн түмэн, хүдэр өндөр

Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ ээ

/Алтайн магтаалаас/

Гурван Цэнхэрийн хэмээх тодотголт гайхамшигт агуйг Монголд мэдэхгүй хүн ховор буй заа. Нээрээ л цувж яваа тэмээ шиг цэнхэр гурван уул шил шилээ даран дуниартаж байна. Энэ уулсыг урианхайчуул Гурван Сэнхэрийн уул гэнэ. Тийм ээ, Дээд, Дунд, Доод Сэнхэр гэж энэ гурвыг нэрлэнэ. Бидний суусан засаг даргын 69 машин Дунд Сэнхэрийн ам хэмээх давчуу бөгөөд сүрлэг хавцлаар нар шингэхийн алдад шурган орлоо. Сэнхэрийн гол хад элээн доошоогоо оволзоно. Бидний машин хад хэлтлэн дээшээгээ овогноно. Энэ ам машин, гол хоёрын зөрлөгийн газар юм уу даа. Баатарлаг туулиараа алдартай Урианхан түмний нэг нутаг Мөнххайрхан сумыг зорьж яваа минь энэ. Жилийн өмнөсөн. Урианхайн нэрт сэхээтэн П. Цагаантай утсаар ярьж, Монголын их уулсын тухай нэг ном бичих санаатай байгаагаа хэлбэл тэрвээр “Таны номонд манай Мөнххайрхан уул орж байгаа юу?” гэж асуусан юм. “Ороогүй” гэж үнэнээ л хэлбэл Цагаан “Өө, манай нутгийн их хайрхан орохгүй юм бол таны ном ямар ном болдог юм” гэхэд нь “Их уул их хол шүү дээ. Би хүрч дөнгөхгүй болов уу” гэхэд минь “Би туслана аа” гэсэн. Цагаан хэлсэн амандаа эзэн сууж, Урианхайн бас нэг нэртэй хүү Адьшаатай намайг танилцуулаад, эх нутгаа, элгэн урианхайгаа гэдэг тэр залуу намайг нааш нь “шидсэн” нь энэ бөлгөө. Тийм ээ, цэлгэр талд төрсөн би Цаст цагаан ууланд мөргөх гэж явна.

…Мөнгөн зоотой

Мөсөн ирмэгтэй

Мөнх цагаан уулын

Оргил дээр гүйлгэн гарч…гэж “Хаан Чингэл баатар” туульд гардаг шиг Цаст цагаан уулын оргилыг зорьж явна. Гэвч Хаан Чингэл баатар шиг оргил дээр нь гүйлгэн гарч үл чадах би гагцхүү сэтгэлээрээ л оргилд нь хүрч дөнгөхийн учирт их хайрханыг цээжиндээ ургууланхан явж л чадах ажаам. “Хэвтэж байгаа цагаан арслангийн хэвтэй” гэж домоглодог. Яг тэгэж харагддаг талаас нь харж чадах болов уу? Харанхуй болжээ. Хоёр талын ханан хавцал сүүхийн харлаж, хад асга цөм бараалаад, гэрэлтэй юм гэвэл тэртээ дээр эрвийж сэрвийх шовх шовгор оргилуудад өлгөгдсөн ганц тэнгэр л ажгуу. Цавчим хоёр хавцал цээжийг минь хавчин дотор бачууруулах мэт. Тэртээ дээр гэрэлтэх тэнгэрийн задгай тийш цойлон уужирмаар аа. Уртын дуу нь арван зүгтээ урсан тархдаг уудам талаас маань уулсын хаад их ялгаатай юм аа. Уудам талын хүн би уулсын ихийг эрмэлзэнэ. Тийм ээ, ууланд татагддаггүй хүн байдаг гэж үү? Хүнийг татах гүр хөх ууланд байдаг юм биш үү? Гэхдээ илбийн цэнхэр талд ч амьтныг татах соронз бас бий. Уул тал хоёр нь арга билиг хоёр гэж нэг бичсэн минь ийм л учиртай. Аялаж явахад адал явдалтай тулгарахгүй бол ямар аялал байх билээ гэгчээр шаварт хөөрхөн сууж үзэв. Шавар ухах нь дээ гэж айж байтал ард яваа фургон нарийхан олсоор хөвх хийтэл татаад гаргачихав. Дөрвөн дугуй нь дөрвүүл эргэхээ байсан тэрэгтэй бид таараад жолооч нар оролдон байж эргэдэг болгоод чирэн одохыг харлаа. Гэрэл нь унтрачихаар дээр нь чулуу тавьж асаачихаад хурдлан оддог машинтай ч дайралдлаа. Монголчууд оросын тэргийг унаарын морь шигээ эдлэдэг болсон нь энэ дээ гэж, хөдөөгийн жолооч нар хотынх шиг бус, нэгийгээ “суусан” байхад туслах гэж ханцуй шамлан орох юм даа, монгол хүний мөс чанар хөдөөд маань л байна даа гэж сэтгэлд харваж байна. Ийнхүү галигуулсаар, тонгочуулсаар шөнө дүлийн үес Мөнххаан сумын төвд ирэвэй…Мөнххаан сум. Сум нийтдээ 586 өрхтэй, 2400 хүн амтай. 93 мянган толгой малтай. Хүн амын 97. 6 хувь нь урианхай нар гэж С.Жимсээ дарга ярьсан. Хувьсгал гээч гарснаас хойш урианхай нарыг хэд ч салгаж, хичнээн ч тасдсан юм дээ. Хөх тэнгэрийг мөрлөсөн Хүжийн Хөх Өндөр, оройн нарны туяанд орой нь галын заль шиг бадардаг Ямаат Улаан уулын хооронд сумын төв оршдог аж. Дээшээ харвал Дахын дээд ам задгайрч, доошоо харвал Дунд хаалгын доод ам битүүрчээ. Ямаат Улааны бэлд тулгын гурван чулуу шиг хар толгой буй. “Энэ л дагшин газрыг түшиж сумын төвөө байгуулъя гэсэн санааг нутгийн аг сахал Ч.Риймэд гуай гаргаж, 1964 онд шавыг тавьснаас хойш манай сум сайн явж байна” гэж багш, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр хуучилсан…

Маргааш өглөө нь…

Өглөө бид Алагийн буурал хайрхан орохоор хөдлөв. Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын дарга Т. Лхагвадорж намайг их уулсаар аялуулах хөтөч маань болжээ. Бид урьд шөнө ирсэн хавцлаараа буюу Дунд хаалгын доод амаар эргэн уруудсанаа Сартагтай баатар аварга могойн сүүлийг дарсан Устайн амны цагаан хадаар дайраад Алгын усны хөндийгөөр эргэлээ. Алаг тэхийн уулнаас эх авсан энэ голыг Алагийн ус гэнэ. Энэ голоос амссан хүн дуучин болдог гэж эндэхийнхэн бахархана. Нээрээ л, энэ орчимд төрсөн хүүхдүүд хөөрхөн хоолойтой болдог гэнэ. Алаг Тэхийн тэнгэр шорлосон шовх оргилыг харж, Алагийн усны шидэт домгийг сонсохдоо:

Алаг тэхийн уулнаас л

Алагийн ус нь урсна аа, хөө

Алгийн уснаас амсваас л

Алтан гургалдай шиг дуулна аа, хөө

Буурал хайрханы бэлээс л

Булгийн ус нь бургилна аа, хөө

Бургилсан уснаас нь балгаваас л

Бэлгэтэй тууль хайлна аа, хөө

Уулын ихийн өврөөс л

Увьдастай ус нь ундарна аа, хөө

Увьдастай уснаас нь ууваас л

Урианхай түмнээ дуулна аа, хөө гэсэн шүлэгрэхүү юм цээжинд бууж байх юм. Би шүлэгч яавчиг биш. Гэвч хүдэх намайг ч холбоо хэлэх гэж оролдуулах нэгэн увьдас уран энэ байгальд шингэж үү дээ. Тэгвэл хүнийг дуучин болгодог увьдастай шиг ээ туульчин болгох чадалтай юм биш байгаа? Тухайлахад, туульч Хөвчийн Сэрээтэр гэхэд л энд мэндэлжээ. Тэрвээр “Алтайн магтаал”, “Хар хөхөл баатар” зэргийг хайлдаг, 1983 онд Залуучууд оюутны урлагийн их наадамд оролцож, МХЗЭ-ийн ТХ-ны тусгай шагнал хүртэж байжээ. “Монгол урианхай туульчдын нэгэн онцлог гэвээс тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэмээх оршил магтаалыг ихээхэн ёс төртэйгээр уянгалуулан хайлсны дараа сая туулиа хайлдаг бичигдээгүй хууль хэдэн зууны тэртээгээс мөрдөгдөж иржээ” гэж судлаач Б.Катуу бичсэн байна. Тиймээс “Алтайгүй тууль тууль биш, авгайгүй айл айл биш” гэсэн зүйр үг байдаг аж. Тийм ээ, Урианхай түмэн баатарлаг тууль, туульчдаараа гайхуулдаг билээ л. Шинжааны Ээв гол дээр Тавьтай туульчийн үлээж байсан хулсан цуур Ховдын орон нутгийг судлах музейд тавиастай байна билээ.

Бид өгссөөр Цагаан сай(сайр)-д хүрч явгалаад, Жоншин хэмээх цоорхой оройтой том хүнхэр агуй өөд мацаж, шаргин гулсах хайрганд хальтарч барьж, хөрвөж тусаж баймааж нь тийш орж үзлээ. Агуй өөрөө гэр шиг дугуй, өндөр адар нь хүнхэр, цоорхой орой нь тооно шиг юм аа. Сумын хоёр хүүхэд энэ сайд тоглож яваад, хадны завсраас эртний хүний занданшсан шарил олсон боловч айхдаа гаргаж хаячихаад явчихсан нь үгүй болсон гэнэ. Хайран хайран! Хүүхдийг яалтай билээ л. Цаст цагаан уулнаас худалч хүнд бол гар сунгахын зайд байх Шомбуузын бэлчирийн булшнаас нялзрай хүүхэдтэй бүсгүй хүний шарил олдсон нь дэлхийд ихээхэн шуугиан тарьсан. Их уулс эртний хүмүүсийг нөмөр нөөлөгтөө авч, үхэхэд нь өвөр элгэндээ өлгийдэж байж дээ. Одоо ч гэсэн дээ. Эл бүгдийн дундаас эртний тэр хүмүүсийн оромж болж, уран сэтгэлгээгээ илэрхийлэх уран зургийн “зотон” болж асан Гурван Цэнхэрийн (Сэнхэрийн) агуй дэндүү алдартайг нуршаад юу хийнэ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд Лхагвадорж маань Хөх Сайгийн дөрөлж дээр намайг гаргалаа. Хараац сайтай энэ дөрөлжөөс сархиагтсан номин уул бөмбийх нь нүдэнд туслаа. Энэ бол Алгийн буурал хайрхан. Алгийн буурал хайрхан над ийм нэг тууль хайллаа. Манай энэ хавьд нэг хүү ээжтэйгээ хоёулан суудаг асан. Тэгээд?..Тэр залуу ан хийж амь зуудаг байсан тул нэг өдөр Алгийн Буурал хайрханд гөрөөлөхөөр гарчээ. Тэгтэл нэг ямаа(янгир) таарчээ. Буудах гэтэл цагаан өвс овоог нь хаачихаад болж өгдөггүй гэнэ. Гэсэн ч залуу гох мултлаад, янгирын хөлийг нь хуга буудчихаж. Ямаа цааш зугтаж, хүү хойноос нь хөөж дээ. Гэтэл Хулгайчийн онгорхой(хонхорхой)-д ууль хар урц байх юм гэнэ. Урцанд нэг эмгэн байж, урцныхаа баруун хатавчинд ишигтэй доголон хар ямааг уячихсан байна. Эмгэн хэлж байх юм гэнэ. “Ямааг буудуулахгүй гэж тэвнээр ташаалсаар байтал чи буудчихлаа. Сүүтэй ямаа байсан юм” гээд “Дахиад ан бүү хий. Замд чинь цагаан үхэр тааралдана. Түүнийг аваачиж мал хийж аваарай” гэжээ. Мориндоо мордоод эргээд хартал урц байсан газар хов хоосон. Доош буухад нүд нь сохорон нуухтсан цагаан сарлаг байж. Хүү сарлагийн нүдийг нь угаагаад гэртээ аваачиж мал болгож авчээ. Тэднийх олон үхэртэй болжээ. Хүү дахиад ан хийсэнгүй.

Алгийн Буурал уулын савдаг нь эмэгтэй хүн байдаг, тэр хүнд ер үзэгддэггүй, харин хүүтэй тааралдсан нь ганц тэр гэнэ. Энэ домгийг нутгийн жарваахайн(чоно) эрлэг Б. Содгэрэл над ярьж өгсөн юм. Тэрвээр ноднин 5 чоно, энэ жил 9 чоно нударсан гэнэ. Гэвч нутгийнхаа ганц том цагаан чоныг хайрладаг, өөрийнхөө шүтээн гэж үздэг. Хачирхалтай нь, тэр цагаан чонотой тааралдсан өдөр Содгэрэл заавал чоно агнадаг гэнэ. Тийм ээ, чонондоо ээлгүй чоно байдаг нь жигтэй. Аль жигтэйг тэр гэх вэ, Цастад улаан буурал чоно байдаг гэж Бадлаа өвгөн нэг хэлсэн.

Алгийн Буурал Хайрхан бол Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Адьшаагийн унасан газар, Алгийн гол бол угаасан ус нь. Мөнххайрхан сумын өдөрлөг Улаанбаатар хотод болоход Мөнххайрхан уулын хишиг барилдааныг Бөхийн өргөөнд явуулж, Адьшаа үүнийг ивээн тэтгэжээ. “Адьшаа нутаг орондоо нийгмийн шинжтэй арга хэмжээг байнга дэмжиж байдаг” гэж Жимсээ дарга бахархангуй өгүүлсэн. Тийм ээ, Ховд аймгийн төвд зууннайман суварга бүхий том хийд байгуулах ажлыг зохион байгуулж, өөрөө ч хөрөнгө оруулж, өрөөлийн хөрөнгийг ч татсан, 108 боть Ганжуурыг тэнд залсан хүн бол Адьшаа мөнөөс мөн. Тэрвээр Улаан ямаат уул өөд өгсөөн шат байгуулсан нь ховдынхны чөлөөт цагтаа авирч биеэ чийрэгжүүлдэг, өлгий болсон хотоо өндрөөс тольддог зугаалгын газар нэгэнт болжээ.

Мөнх цаст таван оргилоороо нар тосон сунайх хөх уул тэртээ баруун урд мөнөөхөн дөрөлж дээрээс хараа булаах нь Цаст цагаан уул ажээ. Очъё гэж, харъя гэж, мөргөе гэж жил шахам мөрөөдсөн их уулынхаа барааг анх харж баяслаав шүү…

үргэлжлэл бий …