Ойрад нутагт бурханы шашин дэлгэрсэн түүхээс
Түүхийн шинжлэхийн ухааны доктор (ScD), профессор,
зурхайч, Урианхай Лхасрангийн Тэрбиш.
Ойрадын нутагт бурхны шашин нэлээд хожуу дэлгэрсэн хэмээн заримууд үзнэ.
Миний үзэл бодол бол эднээс арай өөр юм. Харин ч бурхны шашны зан дадгал, ном судар ойрадад эрт дэлгэрснийг ойрад угсаат хүмүсийн зан ааль, язгуурын урлаг, шашин номд гавъяа зүтгэл гаргасан мэргэдийн намтар түүх харуулдаг.
Ойрадын ноёдын угийг дурдахдаа Торгууд Ойрадад түрүүнд ирж түшсэн хаан нь Хайван хэмээх монголчилвоос мэргэний эрхт гэсэн. Эдний хөвгүүн Сосуй хэмээх монголчилвол Буян тэтгэгч гэсэн хэмээн гарч байгаа юм. Торгуудын ноёдын дээд өвөг болох Хайван нь төвд нэртэй хүн юм. Үүнд Хай(mkhas) нь мэргэн, цэцэн гэсэн үг, ван(dbang) нь эрхт нийлээд хэлээхээр Мэргэний эрхт болно. Түүний хөвгүүн Сосуй н бас л төвд нэртэй, төвдөөр буяныг содном(bsod nams) гэнэ, товчилбол сод, амдуу аялгаар со гэж д-г нь орхин дууддаг, тэтгэх гэдэг нь төвдөөр сой(gzos) ач, хариулах, ачлан тэтгэх гэсэн үг амдуу аялгаар суй гэж дуудна нийлүүлээд хэлбэл Сосуй буюу Буяныг тэтгэгч болно. Монголчууд бурхны шашинтай болоод төвд нэр хэрэглэх болов. Бурхны шашинтнууд хүүхэд нярайлахад лам багшаас нэр залдаг уламжлалтай байсан билээ. Тэр уламжлалаар эдгээр ноёдууд төвд нэртэй болсон хэрэг. Нэрүүд нь ч номтой мэргэн болох, ариун цагаан буяныг тэтгэх гэх мэт бурхны шашны бэлгэдэл төгс ажээ.
Ойрадуудын аман болоод бичгийн зохиолын алдартай өв бол алдарт баатарлагийн тууль “Жангар” билээ. Эл туулийг амаар аялгуулан дуулах хүмүсийг жангарч гэх. Жангарч хүмүн заавал бичиг, үсэгтэй байх албагүй. Хэдэн арван бүлэг туулийг жангарч нарын амаар дамжуулан цээжлээд хэлдэг байна.
Жангарын судалгаа тун өрнүүн дээд шатандаа гарсан тул энэ талаар миний мэт “нялхас” олныг улиглах элүүц бөгөөд энэ алдартай туулийг эрдэмтэд “Монголчуудын боолт нийгмийн үеийн хатуу хүтүү амьралын үед эхэлж үүсээд, бүр хэлбэржсэн цаг үе нь арван тавдугаар зууны сүүлч ба арван зургадугаар жарны эхэн үе гэж үздэг байна”[1].
“Жангар” туульд гарч “Хату Хар Сансрин бөлөг”-т Богд Жангарын талаар :
“Кезэнэ цаг болхла
Нег хан нойн бээгсэн санж.
Тэр хан нойни цолыг сурдаг болхла,
-Тэкл Зул хаани үлдл,
Тансг Бумб хаани ач,
Үзн алдр хаани көвүн
Үйин өнчн нойн Жанhр гинэ.
Эн өнчн нойн Жанhрин
Нутгини сурад ирхлэ,-
Шижр дөрвн далата,
Шинж сээтэ нутгта,
Бамбл дөрвн далата,
Байн элвг нутгта,
Аршан хар булгта,
Эгр зандн модта.
Угардг уга байн,
Үкдг уга мөнк,
Төргснэсн нааран
Төр шажан алдад уга гинэ.
Эн хаани шүтгсн
Шүтэhини сурад ирхлэ-
Нээмн түмн хувргта,
Нэрхн шар лунзата,
hурвн түмн хувргта,
hунн шар лунзата,
Тавн цаhан багшта,
Тавтахн сээхн лунзата гинэ”[2] гэсэн.
“Догшн Мал Хавхин бөлг”-т
Бас Жангарын
“Орадни
Очрванин геген бүрлдгсн,
Далын хоорндни
Далн хан hарудин хүчн бүрлдгсн,
Барун хэврhини
Баатр бурхн сэкгсн,
Зүн хэврhини
Банзргч бурхн сэкгсн,
Хэврh хавсндан заг уга,
Арвн хурhндан үй уга
Тиим күмн гиж келдг билэ”[3] гэжээ.
Туульд гарч байгаагаар бол Жангар ноён төрснөөсөө нааш төр, шашныг алдалгүй, хос ёсоор төрөө барьж, найман түмэн хуврагтай, нарийхан шар унзад ламтай, гурван түмэн хуврагтай гурван настай унзадтай, таван цагаан номын багштай, тавтай номтой унзадтай орон хийдийг шүтээн болгосон юм байна. Энэ бол Жангар туулийг хэлбэршин тогтож байх үед ойрадууд бурхан шашинтай, төр, шашныг хослуулан барьдаг хос ёстой байсан болж таарах нь ээ.
Ойрадын бусад баатарлаг туульсуудад ч бурхны шашны зан үйл гардаг юм. Туульсын баатар эрс, тэдний ажнай хурдан хүлгийг хүртэл бурхад, дошгид, хандмаа, их шидтэнүүд сахьж яваагаар дүрсэлдэг байна.
“Найман настай
Наран хаан баатар тань
Ямар дүнгээн залуу гээд
Сураад ирдэг болохлотон
-Орой дээр нь
Очирваань гэгээн илтсэн
Маннай дээр нь
Махгалын гэгээн илтсэн
Хоёр амин шовгор дээр нь
Хоёр их Зонхабын гэгээн илтсэн”[4] Найман настай Наран хаан баатар гэх буюу
Эрийн сайн Мимэлзэх баатрыг Шинжээч Цагаан дар эх
-Орой дээр чинь гэнээ лаа
Очирваани сахиж гэнээ лаа.
Зулай дээр чинь гэнээ лаа
Зонхав бурхан сахиж гэнээ лаа.
Баруун ээм дээр чинь гэнээ лаа
Бар ямандага сахиж
Зүүн ээм дээр чинь гэнээ лаа
Зүй ямандага бурхан сахиж
Бөгс биед нь гэнээ лаа
Найман найман аймаг[5]
Наян нэгэн сидвэн нар сахиж” хэмээх буюу аль эсбөгөөс Баатар эрсийн аргамаг хурдан хүлэг нь
“Бумбын сайхан зээрд
Санал аваад
Найман найман
Наян нэгэн сидтэнд залбираад
Аръяабал, Шагжамүни бурхан
Аав, ээж хоёртоо залбираад
-Нарийхан шархал ажиргатай
Найман түмэн ижилтэй
Ер харагч гүүн ээж минь
Өршөөж хайрлатан
Аав минь өршөөтөн
Дээд замбатив
Аръяабал,
Шагжмүни бурхан минь өршөөтөн”[6] хэмээн бурхан, тэнгэрт мөргөх нь олонтой.
Түүгээр барахгүй бурхны шашны мэдлэг ухааныг зан үйлдээ ашигладаг байсан юм санж.
Бас Алдар Жангарын дөрөвдөгч баатар Күнд гарт Савар нь
“Ора деерни болхла,
Очрвани бурхн[7] сэкэд йовдг,
Дал деерни болхла
Данчн[8] богд сэкэд йовдг
Уру бийни болхла
Хөрн нег Дари эк[9] сэкн йовгсн”[10] юм санжээ.
Энэ туульд бас бурхны шашны мэдлэг ухааныг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан тухай гарч байна.
Монголчууд бурхны шашныг авахын зэрэгцээ түүний бүрхэвчтэй олон нарийн ухааныг авч амьдрал ахуйдаа хэрэглэж, бүр нийтийн зан дадгал болгосон юм. Энэ нь бурхны шашин гүнзгий нэвтэрсний үр хаялга болно.
Одны гэрт харгалзуулан гарагийн хөдөлгөөн байршилыг хөөн олоод, тэдгээр гараг эрхэсийн солбилцол, харилцан үйлчлэл зэргээс ертөнцийн хэрэг явдал хамааралтай болохыг тогтоогоод зан үйлдээ хэрэглэдэг болсон байна.
Тухайлбал тухайн жилд гол нөлөө үзүүлэх есөн их гараг, шар замын хавтгын дагуу байрлах хорин найман одтой тохион[11] харагдах агшныг их анхаардаг.
Зурхайн судруудад : “Адъяа[12] гараг Хасда[13] лугаа тохиох, Бархасвадь[14] нь түүнчлэн Бүстэй[15], Буд [16] гараг нь Анурадтай[17] тохиох ба Санчир [18] нь Ровагинитэй[19], түүнчлэн Сумъяа [20] Абизитэй[21] хамтадах ба Ангараг [22] түүнчлэн Ашуванитай[23], Сугар [24] нь Ривади[25] лугаа хамт тохиовоос хэрэг бүхэн бүтээх хэмээн номлосон тэр нь бүтэхүй долоон тохиол[26] (төвдөөр дүвжэр)болой” хэмээн тэмдэглэсэн байдаг. Зурхайч нар гараг одны эдгээр тохиолуудыг одон зурхайн ухаанаар тооцоолон гаргаад жилийн цаглабарт тэмдэглэдэг. Ойрадуудын хувьд цаглабараа монголоор гаргаад, олон хувиарь салгаж нийтэд тархаадаг байсан тул зурхайн хэрэглэгээ ч олныг хамардаг байв.
Тохиолууд нь нэг зуун ерэн зургаан хоногт ганцхан л таардаг. Эдгээрээс тохиолоос Бархасвадь Бүс хоёрын тохиолыг хурим найр хийх, гал голмт үүсгэхэд нэн сайн хэмээнихэд эрхэмлэн үздэг юм. төвдөөр Бархасвадийг Пүрэв, Бүсийг Жал гэдэг бөгөөд энэ өдрийг бас Пүрэв жалын дүвжэр гэнэ.
Ойрадын ард түмний баатарлагийн тууль Жангарт “Үзн Алдр хан өргэлгсн бөлг”-т Үйзэн Азн алдр хан Усн Хадын Урман Цецн дагини[27]-ийг гэргий болгон аваад
“Сарин сээниг сэкн шүүhэд,
Сэн өлзэтэ Пүрэв жалв өдрт
Орд харшини бүрн босхад,
Хойр ик хаани нутг
Хүрмин байр өнгрүлв гинэ”[28] хэмээн гарч байна. Эндээс харвал Жангар туулийг цэгцлэгдэн боловсорсон тэр цаг үед ойрадчууд шинэ гэр барих, гал голомтоо үүсгэн хурим найр хийх зэрэгт ном судраа сэкн нээж үзээд, Пүрэвжалын дүвжэртэй өдрийг сонгон авдаг байна. Зурхайн үзлэгийн судруудад Пүрэв жалтай өдөр найр хурим хийхэд сайн хэмээн тэмдэглэсэн байдаг. Эл сайн барилдлагат өдөр хөвүүн төрвөөс ихэд бэлгэшээж Пүрэвжал хэмээн нэрлэх нь ч буй.
Англи улсын тууль судлаач Carole Pegg тууль судлаж Ойрадын нутгаар мянга есөн зуун наян есөөс мянга есөн зуун ерэн оны хооронд хоёр жил орчим судалгаа хийж, Алтайн урианхай Чойсүрэн, Сэсэр, Баяд Гэцэл, Лхагва, Дүүдээ, Дөрвөд Дамиа, Захчин Энхбалсан нарын зэрэг туульчдаар тууль хэлүүлж, Алтай хайлуулж, бас сонирхолтой аман мэдээ цуглуулсан хүн ажээ[29].
Тэрээр нэгэн өгүүлэлдээ: “Монголын зарим нутагт, жишээ нь, Зүүн Буриадад туульчид нь тэднийг бурхны сүсэг бишрэлийн үзэл суртлыг дайсан хэмээн үздэг буддын лам нарын явцуу бүлэглэлд байнга хавчигдаж байв. Хэдий тийм боловч Баруун Ойрадад лам нар нь туульчдыг урин залж, тууль хэлүүлж, тэднийг хамгаалан тэмцдэг байв. Заримдаа лам нар өөрсдөө ч тууль хэлдэг байв. Жишээ нь, Увс аймгийн Түргэн сумнаа мянга есөн зуун арван нэгэн онд төрсөн Дөрвөдийн туульч Намилан арван настайдаа Төгс буянтын хийдэд орж ном үзжээ. Тэгээд өөрийн багш ламаасаа “Алтайн магтаал”, “Гэсэр”, “Хан Харангуй” болон бусад тууль сурчээ. Түүний багш нь ч тэдгээр туулийг өөр лам багш нараас сурсан байжээ. Үүний адил мянга есөн зуун арван онд төрсөн, дөрвөдийн алдарт туульч Цагаандан Зодов зургаагаас хорин хоёр насны хооронд олон тууль, явган үлгэр, домог зэргийг хүрээний лам нараас сурч мэджээ. Алдарт Парчэн туульч арван дөрөв орчим настайдаа эдүгээгийн Ховд аймгийн нутагт байсан Баядын хийдийн туульч Сэсрэнгээс “Бум Эрдэнэ” хэмээх туулийг сонсжээ. Тэгээд дараа нь Парчэн Сэсрэн туульчид хадаг барин шавь орж, энэ туулийг заалган сурч, бас өөр хоёр туулийг өвлөн авч, туульч болох эрх авсан ажээ[30]. Энэ нь баатарлаг цөст Ойрад түмэн баатарлагийн туулиа хар, шар хэмээн огт ялгахгүй суран судалж хөгжүүлсээр ирсний гэрч болно.
Ойрад ардын аман зохиол, баатарлагийн туульсуудад Замбуутив, Сүмбэр уул, Галбараасан зандан, очир хоёр чих, намжал[31] улаан саадаг, зандан улаан цай, завъяа зандан аяга, ягчас(мангас)-ын хаан, нарийхан цагаан унзад гэх мэт энэтхэгийг шашин суртахуунтай холбогдол бүхий маш олон үгс орсон байх тухайн зохиолуудыг амаар дамжин зохиогдон уламжлагдах үед Ойрадчууд бурхны шашинтай байсан хэмээхийг үзүүлж буй ул мөр хэмээн үзэлтэй.
Далайн төвшнөөс хэдэн мянган метр өргөгдсөн Цаст Алтайн шил сайхан газар товшуур хөгжмийн аясанд сэтгэл булаагдан өссөн Ойрад түмэн тууль, шашин хоёроо хослуулалгүй ч яах билээ дээ…
Монголын бурхны шашны түрүү дэлгэрэлтийн үед Хөх нуурын орчим мэндэлж, монголын хэл шинжлэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Энэтхэг, Төвдийн бурхны шашны холбогдол бүхий олон ном судар, орчуулж, улмаар “Бурхны арван хоёр зохионгуй” зохиол туурвисан Чойжи-Одсэр бол Ойрад угсаатай хүн байжээ.
Бас бага наснаас ертөнцийн эрээн бараан амьдралд уйсах сэтгэл төрж, гэрээс гараад, Цаст Төвдийн оронд сургууль, түгнэрба хийж, Өвөрмонголд шар малгайтны шашин дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Нэйж тойн хэмээх их мэргэн номт бол Ойрадын нэгэн гол аймаг болох торгуудын хаадын угсаат Тэнэс мэргэн Тэмэнэгийн хөвгүүн билээ. Тэр бага наснаасаа бурхны шашинтан байсан нь намтар түүхээс нь тод харагддаг. Тэрээр бага насандаа оюун, хурц, билиг авъяас төгс тул түүнийг тойн хэмээн нэрлэсэн гэдэг. Ойрадад арван зургадугаар жарны эхэн хагаст бурхны шашин нэвтэрч, номт сайн тойдтой болсон тул Мэргэн Тэмэнэ ноён хөвгүүнээ бэлгэ зохилдуулан тойн хэмээсэн байж таарна. Эцэг нь Нэйж тойнд гэргий авч өгөн ноён суудлыг залгуулах бодолтой ч хөвгүүнд нь ертөнцийн амьдралыг огоорч лам болох хүсэл төрсөн нь тэр үед бурхны шашны үзэл номлол хэвшин тогтсонтой холбоотой байж таарна. Энэ нь Нэйж тойн анд нөхдийн хамт гөрөөлж явах үед нэгэн унагалах шахсан зэгдийд сум тусч, унага нь мултран ухахад үхлийн эрмэгт очсон зэгдий унагаа долойж ядахыг хараад, ертөнцийн ёсонд уйсах сэтгэл хатуу хүчтэй төрөн, лам болохыг шийдсэн гэснээс тодорхой харагдаж байна. Чингээд тойн болохыг эцэгтээ айлтгахад хүлээн авалгүй “Юу ч гэсэн эхнэр ав!” хэмээн гэрлүүлж, нэгэн хөвгүүнтэй болж түүнээ Эрдэмийн далай хэмээн нэрийджээ. Эцэг нь Нэйж тойныг харин ч лам болохоор явах бий хэмээн сэжиглэж, харуул тавиулсан байдаг.
Нэйж тойн ертөнцийн амьдралд орсон ч лам болох хүсэлд хөтлөгдөн ном уншин бясалгаж суух болов. Тэрээр нэгэн өдөр сэтгэл үүсгэхийн хаалга болсон “Итгэлийн хөтөлбөр”(skyabs ‘gro’I khrid) номыг уншин суутал гэнэт салхи гарч номы нь авч одсоны хойноос үлдсээр гэрээс зулж, Төвдөд очин номд нэвтэрсэн байдаг. Номд нэвтэрсний дараа нутагтаа буцах гэхэд нь Далай ламтан “Чиний хувьт шавь нар чинь зүүн талд буй” хэмээн зөвлөж, Өвөрмонголд илгээсэн нь Ойрадаас Өвөрмонголд шашин дэлгэрүүлэх нь илүү чухалтай хэмээн болгоосных. Энэ үед Ойрадын шашин дэлгэрэлт Өвөрмонголоос илүү байсан тул ийм шийдвэрийг Далай ламтан гаргасан байж болох талтай. Нөгөө талаас Далай ламтан шар малгайтны шашин их эрдэнийг анхан монгол газар дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн Түмэдийн Алтан хааны ачийг бодож, өөрийн ор болгон илгээсэн гуравдугаар дүрийн Донхор чойрж таалал төгсөөд байсан үед түүний ор болгон илгээсэн байж болох тал бий.
Нэйж тойн 1557 онд төрсөн бөгөөд түүний нөхөдтэйгээ гөрөөлж явахдаа арван зургаан настай байсан гэж бодвол лам болох хүсэл сонирхол нь 1572 оны орчим болно. Эцэг нь лам болгохыг хорьж эхнэр авч өгсөн тул энэ нь барагцаагаар 1576 оны орчимийн хэрэг явдал болно. Хөвгүүн төрүүлж харуул тавиулаад хэсэг суусан болохоор 1578 оны орчим Лхас очсон байж таарна. Лхаст очиж хэсэг сургууль хийгээд Банчэн богдын даалгавраар Өвөрмонголд очсон нь мэдээж Донхор Ёндонжамцын ор болж очсон буюу 1588 оны хавьцаа байх юм.
Бас Ойрадын Чуулганы ахлаач Хани ноён Хонгорын хөвгүүн билгийн улирлын тооллын аравдугаар жарны усан морин жил[32] мэндэлсэн Чингис хааны арван есдүгээр үе болох Төрбайх нь бага наснаасаа өгөөмөр ариун сэтгэлтэй, баатарлаг зоригтой нэгэн байсан бөгөөд эзэн Чингис хаан дээдийн номд харшлагч өчүүхэн хаадын дайлан эрхшээсэн мэт арван гуравхан[33] сүүдэртэйдээ Исламын шашинт Цагаан малгайт Хотонгийн дөрвөн түмэн хүмүнийг сөнөөн алдар нэр нь мандаж, бас хорин таван сүүдэртэй[34] байхдаа эхийгээ насан өөд болох үед хойтын буянд нь шамдан ном гүргэм уншуулж, ядуусыг тэтгэж[35] байснаар барахгүй, энэ жил Халх, Ойрад хоорондоо тэмцэлдэн самуун болж байхад Халх, Ойрад хямралдаад инагш, чинагш зорчин явж чадахгүй болсон тэр цагт Халх нарын дотор аймшиггүйгээр өөд болоод, эвсүүлэн зохиосон тул Донхор(stong ‘khor) хутагт, тэндэхийн хаад, түшмэдүүд бүгдээр таалал нь баясаад “Даа Гүүшри ” хэмээх цол өргөв. Түүний алдар нэр нь ч Төвдийн Үй, Занд алдаршсан[36] ажээ.
Энэ Донхор хутагт нь Цагаан номын хаан мөн юм. Энэ хэргийн талаар нөхөр Намсрай “Ойрадын чуулганы хан Төрбайх нь Цагаан номын хаанаас Гүүшри цол хүртээд шарын шашны үнэнч өглөгийн эзэн болжээ. Түүний нэр нөлөө нь Баруун Зуугаар тархаад Төвдийн шарын шашны этгээдийн анхаарлыг нь аяндаа татав. Тухайн үед Төвдийн шарын шашны бүлэгтэнд даралт тулгарч байсан тул Дөрвөн Ойрадын өглөгийн эздээс тусламж гуйх хүсэлтэй байжээ”[37] гэж тэмдэглэсэн юм. Ийнхүү Ойрадын Чуулганы ахлаач Хани ноён Хонгорын хөвгүүн бага наснаасаа шашин суртахууныг дэмжин тэмцэж, ном буянд шамдаж, шашны нэрийн дор монголчуудыг нэгтгэх оролдлого хийж байжээ. Бас Төрбайхын ах хожмоо Ойрадын Чуулганы ахлаач болсон Байбагас ч дээдийн номд гүнзгий орсон нэгэн байв. Энэ бүхэн бол арван зургадугаар зууны сүүлээр Дөрвөн Ойрадын Чуулган ахлаач Бүүвэй Мирзын орыг залгамжилсан Хани ноён Хонгорынхон гүнзгий шүтлэгтэн байсныг гэрчилэх баримт болно. Хани ноён Хонгорын үед амьдарч байсан Халхад шашны эхийг хатгасан хэмээх Автай хан тэмцээн маргааныг шашны үзлийн үүднээс шийдэх арганд боловсроогүй хүмүн байсан бололтой. …1602 онд Сэнгэ Дүүрэнгийн дөрөвдүгээр хөвгүүн Ёндонжамцыг Далай ламын хувилгаан хэмээн Лхаст аваачин суулгасан нь тийм учиртай байж. Энэ чимээг Халхын Автай хан сонсоод, Далай ламд бараалхахаар Хөх хотод очсон түүхтэй билээ. Автай хан Далай ламд бараалхан цол хайрлахыг хүссэнд түүнд “Очирт сайн хан” хэмээх цол соёрхжээ(Шар тууж, 122-р тал) Далай ламаас мяндаг цол хүртсэндээ Автай ихэд баярлан, Халх Ойрадыг нэгтгэн, бүхний хан болох зорилго өвөртөлжээ. Ингээд гал гахай жил(1587 он)-д Дөрвөн Ойрадад цэрэглэжээ. Тэрээр нэн их цэрэг дайчлан баруун зүг чиглэн Хангайн уулсыг давж Хүнгүй, Завхан зүг цөмрөн орсон ажээ. Хүнгүй, Завханд нутаглаж байсан хошуудын Ханай Хонгор хан халхын цэргийг Хүнгүй, Завханы баруун тал дахь Дарви уулын орчмын Хөвгөр гэдэг газарт угтан байлдахаар байрлан зэхэв. Гэвч Дөрвөн Ойрадын чуулганы цэрэг гэнэтийн дайралтад бас л сайтар бэлтгэж амжсангүй тул ялагдсан байдаг. Ер нь Ханай Хонгорын үед дөрвөн ойрадын байдал их хүнд байв. Тал, талаас аюул учирч байж. Чуулганы Ханай Хонгор хаан тэр дайнд алагджээ[38]. Чингэхлээр Автай хан маргаантай асуудлыг хүчээр шийдэж, харин Төрбайх бол дотоодын маргааныг шашин номоор шийдэж гавъяа байгуулж Халхын ноёдоор хүнлэгдснийг өмнө нэгэнт дурдсан.
Энэ баримтуудаас дүгнэн үзэхүл Ойрадад бурхны шашин, нэн ялангуяа шар малгайтны шашин их эрдэнэ бусад монгол хэлтнээс их хожуу биш дэлгэрсэн байх аа хэмээн судлаач миний бие үзэж байна.
Ойрадын түүхэн сурвалжийн мэдээгээр бол Нэйж тойны эцэг торгуудын Тэнэс мэргэн Тэмэнэ ноён шар малгайтны шашин Ойрадад дэлгэрэхэд их гавъяа байгуулсан хүн болно. Тэрээр Төвд рүү явах зам хаалга гарган, Цагаан номын хааныг урин залж, хөвгүүдийг банди болгож, төвд үсэг заалгаж байжээ[39].
Учир иймд Тэнэс мэргэн Тэмэнэ ноёныг харанхуй тивд наран мандуулсан лугаа адил их ачлалтай ноён хэмээн сайшаасан байна.
Түүхэн сурвалжуудын мэдээнд гарч байгаагаар бол арван долдугаар зууны эхээр Ойрадын ноёдууд Төвдтэй улс, төр эдийн засаг, соёлын харилцаа гүнзгийрч, Донхор Манзушри хутагт Донхор Жалбажамц(1588-1639) Ойрадад өөд болон морилж, Ойрадад шашин дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байжээ. Чингээд Ойрадууд Донхор хутагтыг Цагаан номын хаан хэмээн ихэд хүндлэх болов. Түүнээс ном сонсож, шарын шашны тойн хувраг болох явдал ч нийдэмдээ тархсан байна.
Ойрадын Чуулганы ахлаач Байбагас баатар[40] Цагаан номын хаанаас ном сонсож, нэн ялангуяа “Сав шимийн эвдрэхүй ёс”-ыг номлуулаад, алдар нэр, ашиг хонжлого, түүнээс үүдсэн дайн дажин тэргүүтэн өнгөт ертөнцийн элдэв үйл хоосон чанартайн утгыг мэдээд, тойн болохоор шийдэж чуулганд айлтгахуйд, Ойрадын ноёдууд эл хэргийг Цагаан номын хаанд айлтгаж, төрийнхөө өмөг болсон Байбагасыг тойн болгохыг зогсоогоод[41], хөвгүүдээ банди[42] болгоцгоожээ[43]. Ийнхүү Далай тойн хөвүүнээ, Өрлөг Лувзан (Лувсан) хөвүүнээ, Хар хул нэг хөвгүүнээ, Байбагас Хутагтыг[44] хөвүүн хийж, Хөндлөн Увш нэг хөвүүнээ, Цөхүр нэг хөвүүнээ тус, тус тойн болгов. Энэ хэрэг явдлыг Зая бандидын намтарт : ” Гэгээн [45] насны хувилсан жил нь шороон гахайтай[46] амуй. Цэцэн хааны эцэг ноён Байбагас баатар тэргүүлэн дөрвөн ойрадын ноёд бүгдээр “Нижгээд хөвгүүнээ банди болгоё” хэмээж ам авалцсанд, бус ноёд цөм нижгээд хөвгүүнээ банди болговой. Байбагас баатар ноён “Миний үрийн төлөөд банди бол хэмээсэнд, арван долоотойд Манзушри хутагтаас банди болсон ажгуу[47]” гэж тэмдэглэсэн буй.
Ойрадад их нэр хүндтэй Ойрадын Чуулганы ахлаач хаан төрийн хэргийг орхиж, тойн хувраг болно хэмээн Ойрадын Чуулганд мэдэгдсэн хэрэг бол шарын шашны үзэл онол нийгмийн ёс суртахуунд хүчтэй түрэн орж ирснийг харуулах баримт юм.
Дүгнэн хэлбээс : Дөрвөн Ойрадын Чуулганы ахлаач Байбагас Цагаан номын хаан гэгч Манзушри хутагтаас дээдийн номыг сонсож бас түүний сануулга дурдлагаар шарын шашныг хүлээн авч, “өөрөө тойн болъё” хэмээн уран арга гаргаад түүнийг нь Ойрадын ноёдууд болиулахаар ятгах үед нь өөрийн тойн болохын долигт тэдний хүүхдүүдийг тойн болгож, өөрийн хөвүүний долигт хожмоо Ойрадын Зая бандида хутагт хэмээн алдаршиж, монгол хэлтний номын их багш болсон тэр гаргал угсаа сайт хөвүүнийг тойн болгосон юм.
Байбагас баатар бол шарын шашныг Ойрадын албан ёсны төрийн шашин болгосон их ачтан билээ.
Нөгөөтэйгүүр Төвд, Ойрадын шашин төрийн харилцаа өргөжиж, Төвдийн шар малгайтны шашны тэргүүн Далай лам, Банчэн богд нар Ойрадчуудыг шарын шашны өмөг түшиг хэмээн үзэж, тэднээс аврал эрсэн явдал нь шарын шашин өргөн дэлгэрч эхэлснийг харуулах гэрч баталгаа болж байна.
Ойрадын өндөр суудалтай ноёдууд хөвүүдээ лам болгох үед Зая бандида хутагт арван долоотой байсан тул энэ нь аргын тооллын мянга зургаан зуун арван таван он болно. Энэ мэтчилэн Дөрвөн Ойрадын гучин хоёр ноёдын хөвгүүн Төвдөд тойн болохоор мордоход Байбагас хоёр зуун албат хөвгүүнийг зарц болгон явуулав[48]. Энэ хэрэг явдлын талаар тод үсгээр буй сурвалжууд ч энэ мэт дурдсан буй[49].
Эдгээр хөвгүүд Лхасын нэртэй гурван хийдэд сургууль, ловнэрба хийж номд ихэд мэргэжээд, төрөлх Ойрад нутагтаа ирж номын ухааныг дэлгэрүүлж, хийд орныг байгуулж, шавь бэлтгэж, төрийн хэрэгт хүртэл оролцож явсан нь тэдний сайхи үйлс зохионгуйн цадаг туужаас тодорхой харагддаг.
Ойрадын ноёд хөвгүүдээ номт Цастаны оронд илгээж боловсруулсан нь ойрад түмнийг шашны ариун цагаан номд хөтлөх сайн сартваахи багш нарыг бэлтгэх гэсэн эрхэм зорилго байв. Ер шашин дэлгэрэхэд, шашны номд хөтлөн оруулагч сайн багш, хутагт хувилгаадын үйлс зохионгуй их чухал ачлалтай байдаг билээ. Бурхны ном зохиолд “Лам байхгүй балар эртний цагт, бурхан хэмээх нэрийн төдий ч байсангүй. Сайн цагийн мянган бурхан өөрийн ламыг шүтээд гарсан юм” хэмээн тэр хөтөчийг магтсан байдаг.
[1] Жангар. Шинжайны ойрад-монгол баатарлаг дуулбар. Тод бичгээс хальмаг бичигт буулгасан Тодан Б.Х. Элст, 2005 он. I боть. Удиртгалын 16 дахь тал.
[2] Жангар. Шинжайны ойрад-монгол баатарлаг дуулбар. Тод бичгээс хальмаг бичигт буулгасан Тодан Б.Х. Элст, 2005 он. I боть. 279 дахь тал
[3] Жангар. Шинжайны ойрад-монгол баатарлаг дуулбар. Тод бичгээс хальмаг бичигт буулгасан Тодан Б.Х. Элст, 2005 он. II боть. 387 дахь тал
[4] Монгол Улсын шинжлэх ухааны доктор Б.Дамиранжавын эмхтгэсэн. Ойрадын баатарлаг туульс. УБ.,1997. 57 дахь тал.
[5] Монгол Улсын шинжлэх ухааны доктор Б.Дамиранжавын эмхтгэсэн. Ойрадын баатарлаг туульс. УБ.,1997. 244 дэхь тал.
[6] Монгол Улсын шинжлэх ухааны доктор Б.Дамиранжавын эмхтгэсэн. Ойрадын баатарлаг туульс. УБ.,1997. 167-168 дахь тал.
[7] Очрвани. Очирвани(rdo rje ‘chang) нь язгуурын гурван бурхны нэгэн, Монголчуудыг харах тангарагт бурхан.
[8] Данчн богд. Данжан(dams can) богд буюу Чойжал нь их хөлгөний ёсны тангарагт сахиус. Эзэн Чингисийн үед энэ бурхны сүмийг дээд монголд байгуулж асан түүхийн мэдээ бий.
[9] Хөрн нег Дари эк. Хорин нэгэн дари эх нь орчлонгийн найман аюулаас хамгаалж, орчлонгоос гэтэлгэх чадалтай хэмээн үздэг.
[10] Жангар. Шинжайны ойрад-монгол баатарлаг дуулбар. Тод бичгээс хальмаг бичигт буулгасан Тодан Б.Х. Элст, 2005 он. I боть. 280 дахь тал
[11] тохион харагдах. Дэлхийн ажиглагчаас тухайн өдрийн саран байрлах одтой, ажиглан буй гараг нэг цэгт байгаа мэт харагдах үүнийг тохиол ч гэнэ.
[12] Адъяа. Адъяа гараг төвдөөр Ням, Монголоор Наран.
[13] Хасда. Хасда од нь төвдөөр Мэши, монголоор Тугчин.
[14] Бархасвадь. төвдөөр Пүрэв, монголоор Гадсан гараг.
[15] Бүс. Бүс од нь төвдөөр Жал, монголоор Найралт эх
[16] Буд. Буд гараг нь төвдөөр Лхагва, монголоор Үлэмж.
[17] Анурад. Анурад од нь төвдөөр Лхамцам, монголоор Гар од.
[18] Санчир. Санчир гараг нь төвдөөр Бямба, монголоор Цомцог.
[19] Ровагини. Ровагини од нь төвдөөр Нарма, монголоор Чөлөөт эх.
[20] Сумъяа. Сумъяа гараг нь төвдөөр Даваа, монголоор Саран гараг.
[21] Абизи. Абизи од нь төвдөөр Дошин, монголоор Яруу эгшигт.
[22] Ангараг. Ангараг гараг нь төвдөөр мягмар, монголоор Улаан нүдэн.
[23] Ашувани. Ашувани од нь төвдөөр Тагар, монголоор Шийдэм.
[24] Сугар. Сугар гараг нь Төвдөөр Баасан, Монголоор Ариун.
[25] Ривади. Ривади од нь төвдөөр Намдуу, монголоор Дэлгэрүүлэгч.
[26] бүтэхүй долоон тохиол. Бүтэхүй долоон тохиол(grub sbyor bdun pa) нь долоон гараг шар замын хавгын дагуух дурдсан одуутай нэгэн байрлалд харагдах хугацаа.
[27] дагини. Дагини буюу эмэгтэй бурханыг нэрлэх энэ үг бурханы сургааль нэвтэрсний дараа л монголд хэрэглэгдэх болсон юм.
[28] Жангар. Шинжайны ойрад-монгол баатарлаг дуулбар. Тод бичгээс хальмаг бичигт буулгасан Тодан Б.Х. Элст, 2005 он. I боть. 53 дахь тал
[29] Энэ хүмүний тухай сураг зангийг гэвш Даваа-Очирын Ганзориг гэдэг номт залуу цахилгаан шуудангаар сонсгож, өгүүллийг нь саяхан илгээсэн билээ.
[30] “British Journal of Ethnomusicology” сэтгүүлийн 1995 оны дөрөв дэхь дугаарын 77-99 дэхь тал буй Carole Pegg-ийн бичсэн ” Ritual, religion and magic in West Mongolian(Oirad) heroic epic performance” өгүүлэл. 91 дэхь тал
[31] намжал. Намжал(rnam rgyal) нь тийн ялгуусан хэмээсэн төвд үг.
[32] усан морин жил. Энэ нь аргын тооллын 1582 он болно. Эзэн Чингис хаан ч усан морин жилтэн байсан билээ.
[33] Энэ нь аргын тооллын 1594 он болно.
[34] Энэ нь аргын тооллын 1604 он болно.
[35] Ми яа ди. Хөх нуурын монголчуудын товч түүх.221 дэх тал.
[36] Балман бандида тухайн зохиолдоо Төр барих(Төр байх)-ын түүх домгийг монгол хэл бичигт мохоо тул төвдөөр бичсэн зүйлсээс түүвэрлэн ашигласнаа зориуд цохон тэмдэглэсэн. Тухайн зохиолын 64 дүгээр тал
[37] Намсрай. Дөрвөн Ойрадын түүх. Өвөр монголын Ардын Хэвлэлийн Хороо. 1993 он. 28 дахь тал.
[38] BIBLIOTHECA OIRATICA III. Ч.Далай.Ойрад Монголын түүх. Улаанбаатар 2006 он. 62 дахь тал.
[39]“Цагаан номын хааныг залж, дөрвөн Ойрадад эх үзэг заалгаж Түвэд тал явах хаалга ясан (засан) гар хөл хоёроор хайлгаж хаалга гаргаж, эцэг өвгийн хадгалж биед ирсэн хувиар олон жилийн сайн нэр хийе. Таван барс, зургаан үрэн, Цэцэний хөвгүүд аль үеийн учирсан ноёдуудаа өөрийн үгээр болгодог зарлигт Дөрвөн Ойрадыг удирдаж номд бурхны шашинд оруулаад харанхуй тивд нарны гэрэл мандуулсан мэт ач ихтэй Ойрадын Торгууд сайн Тэнэс мэргэн Тэмэнэ мөн. Энэ нь ном тэргүүн ирсний үе энэ буй” Гаваншэйрав. Дөрвөн ойрадын түүх. 79-80 дахь тал.
“Цагаан номын хааныг урин залж, Дөрвөн Ойрадад эх үзэг (үсэг) заалгаж, Төвд тал явах зам хаалга Сайн, Баркүл хоёроор хайлгаж зам хаалга гаргаж, эцэг өвгийн хадгалж биед ирсэн хувиар олон амьтны тусын тул ашдын сайн нэр хийе гэж Цэцэн ноёны хөвгүүд аль үеийн учирсан ноёдыг өөрийн зөвөөр болгож чаддаг. Хой зарлигт дөрвөн Ойрадыг удирдаж. бурхны шашинд оруулаад, харанхуй тивд нарны гэрэл мандуулсан лугаа адил ач ихэт Ойрадын сайн Тэнэс мэргэн Тэмэнэ хэмээх ноён мөн буй”. Баатар уваш. Дөрвөн ойрадын түүх. 8б-9а тал. Энэ нь Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд. III. Эмхэтгэж тод болон худам монгол бичгээс кирилл бичигт буулган, тайлбар хийсэн На. Сүхбаатар Улаанбаатар 2002 он. номын 154-155 дахь талд буй. Хойшдоо. Баатар уваш. Дөрвөн ойрадын түүх гээд товчлоно.
[40] Байбагас нь Ойрадын хошууд аймгийн хүмүн болно. Тэрээр Дөрвөн Ойрадын Чуулганы ахлаач Хань ноён Хонгорын Агай хатнаас төрсөн ахмад хөвгүүн юм. Хань ноён Хонгорын үед Ойрадуудын өмнө байсан Цагаадайн хойчис дайн дажин хийж, ихэд бэрхшээл учруулсан тул Ойрадуудын зарим нь нутаг уснаасаа зулж Гансуу, хөх нуур орчим нүүдэллэж очжээ. 1885 оны орчим Халхын Гэрсэнзийн ач болох Автай хан өс санаж Ойрадыг уулгалан довтолж тэр дайнд Байбагасын эцэг таалал төгсжээ. Тэр Автай хан ойрадыг эххшээх гэсэн хэрэг явдцдаа эс бүтсэн гэдэг. Байбагас эцгийгээ нас барахад хэтэрхий жижиг байсан тул эх нь Ойрадын Чуулганыг ахлаж байгаад түүнийг эрийн цээнд хүрэх үе буюу Барагцаалбал, 1612 оны үед нас өндөр болсон Ойрадын Чуулганы ахлагчийн үүргээ хөвгүүн Байбагаст албан ёсоор шилжүүлж өгсөн байна. Байбагас Цагаан номын хаан гэгч Манзушри хутагтаас дээдийн номыг сонсож бас түүний сануулга дурдлагаар шарын шашныг хүлээн авч, “өөрөө тойн болъё” хэмээн уран арга гаргаад түүнийг нь Ойрадын ноёдууд болиулахаар ятгах үед нь өөрийн тойн болохын долигт тэдний хүүхдүүдийг тойн болгож, өөрийн хөвүүний долигт хожмоо ойрадын Зая бандида хутагт хэмээн алдаршиж, монгол хэлтний номын их багш болсон тэр гаргал угсаа сайт хөвүүнийг тойн болгосон юм. Байбагас баатар бол шарын шашныг Ойрадын албан ёсны төрийн шашин болгосон их ачтан билээ.
[41] “Харь дөрвөн Ойрадыг дангаар жолоодож байсан хаан байбагастан Цагаан номын хаанаас сав шим эвдрэх хоосон чанар мөний тул мөнх бус үндсэнд төрсөндөө тойн болнай (болно) би гэж сэтгсэн мөн. Энэ үнэн сэтгэлийн эрхээр Байбагастан Ойрадын ноёд Болд сайд тэргүүтэн бүгдэд хойтын амгалан бэдэрч тойн болохоо дуурсгасанд тэд бүгдээр гомдож, бид танаас хагацмагц орон нутаг болох маань бэрхийн тул таныг тойн болоход баясч соёрхол өгөшгүй мөн. Түүний тусад Цагаан номын хаанд айлтгаж, ялангуяатан таны таалал гүйцээхийн тулд онц зарлиг сонос мөн бид гэж Цагаан номын хаанд ийн айлтгав. “Энэ гагцаар тойн болсны буян их буюу. манай нижгээд хөвгүүн тойн болсны буян их буюу” хэмээн сонгуулсанд Цагаан номын хааны зарлиг “Олон буян үлэмж их гэснээр Байбагасыг тойн болгохыг зогсоогоод, Далай тайш нэг хөвгүүнээ, Хар хул нэг хөвгүүнээ, Өрлөг Луузан хөвгүүнээ, Байбагас хутөгтыг хөвгүүн хийж, Хөндлөн уваш нэг хөвгүүнээ, Цөөхөр нэг хөвгүүнээ, Байбагастаны долигт тойн болсны тэргүүн энэ буй. Бурхны шашинд удирдаж, арван хар нүүлээс (нүглээс) гаргаж, арван цагаан буяны мөрт оруулсан ач ихт Байбагастан мөн” Баатар уваш. Дөрвөн ойрадын түүх. 9а-9б тал
[42] банди. тойн сахил хүртсэн хүүхдийг банди гэнэ.
[43] Байбагас Цагаан Номын Хаанаас сав шимийн эвдрэхүй ёсыг оло(олж) сонсоод, “Мөнх бус үндсэнд төрж тойн болно би” гэж чуулсанд, тэр дөрвөн Ойрадын жолоо Байбагаст Монголмууд мөн. Цагаан номын хаанд “Энэ гагцаар тойн болсны буян их буюу, манай нэжгээд хөвүүн тойн болсны буян их буюу” гэж сонгуулсанд, “олны буян үлэмж их” гээд Далай тойн хөвүүнээ, Өрлөг Лувзан хөвүүнээ, Байбагас Хутагтыг хөвүүн хийж, Хөндлөн Увш нэг хөвүүнээ, Цөхүр нэг хөвүүнээ, Байбагасын долигт (оронд) тойн болсны тэргүүн болсны учир нь энэ. Бурхны шашинд одож, их ачтай Байбагас мөн. Тойн болсны тэргүүн энэ. Бурхны шажинд удаж наран ургасан мэт, үлэмж их ачтай Байбагас мөн. Тойн болсны тэргүүн энэ буй” Гаваншэйрав. Дөрвөн ойрадын түүх. 80 дахь тал.
[44] Хутагт. хутагт нь Ойрадын Зая бандида болно.
[45] гэгээнтэн. Зая бандида хутагт
[46] шороон гахай жил. Аргын улирлын тооллын 1599 он
[47] Rabjamba Cay-a bandida-yin tuquji saran-u gerel kemeku ene metu bolai”. 1959 он. 4 тал
[48] Н.Алтаншаа. Ойрадын түүхэн дэхь нэрт хүмүс. Синьцзяны Ардын Хэвлэлийн Хороо. 1996 он. 82 дахь тал.
[49] “Манай дөрвөн Ойрадын жолоог Байбагас барьсан байна. Бидэн болбол хамаг цуг лугаа тийн болов” гэж зөвөө нэг хамт нийлж аваад, Хутагтад мэдүүлсэнд, Хутагтын зарлиг “Олон хүний буян их” хэмээсэнд, Дөрвөн ойрадын ноёдууд Байбагасын төлөгт нэжгээд хөвгүүнээ лам болгож өгөхийг тогтоод Хөндлөн Уваш нэг хөвгүүн, Дүүргэгч ноён нэг хөвгүүн, Хар хул нэг хөвгүүн, Баатар хунтайж нэг хөвгүүн, Цөхүр нэг хөвгүүн, Мэргэн дайчин нэг хөвгүүн, Торгуудаас Хо өрлөг нэг хөвгүүн, Лувсан нэг хөвгүүн, Тэнэс мэргэн тэмэнэ нэг хөвгүүн, Дөрвөн Далай тайш нэг хөвгүүн, Хойдоос Султан нэг хөвгүүн, Сүмэр нэг хөвгүүн, бүгд гучин хоёр ноён хөвгүүнээ лам болгож, бас дагуул хийж харц албатаас хоёр зуун хөвгүүнийг лам болгоод, Байбагас ноён Хутагтаар хөвгүүнээ гэгдэн гэв. Үүнээс эхэлж, Түвэд тал явах зам хаалга гаргаад, Амдод орж сургуульд суулгав. Түүнээс эхэлж, шарын шашныг хүсэж зам гаргаж Зууд хүргэж сургуульд суулгав. Банчин богдоор лам хийж шүтэв. Хо Өрлөгийн түүх. 164 дахь тал.