Өөлд

Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан аваад, түүнийгээ Өөлд гэжээ. Ийнхүү өөлдүүд Ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ. Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг Өөлд хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж, 2 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.

1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгар хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн хоёр хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, Өлзийт, Хотонт хавь газар суулган, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ. Үүнийг Сайн ноён аймагт хавсаргасан өөлд гэдэг. Энэ 2 хошуунаас гадна Ховдын өөлдийн 1 хошуу байсан нь угтаа дээрх өөлдийн тасархай ажээ. 1726 онд манж нар Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуг засаг болгосноор Равдангийн хошуу 2 хошуу болж салжээ. 1728 онд Цэрэнванбу нас барсанд түүний дүү Сэвдэнванбу Цэрэнванбугийн хөвгүүн Дамбий-г түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нийлүүлж, Сэвдэнванбуд захиргажээ. Хожим Тэнгэрийн тэтгэсэн хаан хэргийн үнэн учрыг олж мэдээд, Дамбийг гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж талбиснаар түүний хошуу дахин байгуулагдсан ажээ. 1750-иад оны дунд үеэс эхлэн Сэвдэнванбуг залгамжилсан өргөмөл хүү Пунцаг, Дамбий нар харилцан заалдах болжээ. 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Тэнгэрийн тэтгэсэн хаан Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгах зарлиг буулгасан ажээ. Ийнхүү Ховдын Өөлдийн хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг мэдүүлж байхаар манж нар тогтсон байна.

Дээрх 3 хошуу нь өнөөгийн Монгол улсын нутагт байсан Өөлдийн хошууд болно. Түүнээс гадна Засагт хан аймагт багтсан Хойдын 1 хошууг аман ярианд өөлд гэж нэрлэдэг байжээ.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос, Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.